Ерөнхийлөгчийн хориг үндэслэлтэй юу?


Ерөнхийлөгч Х.Баттулга үүрэгт ажлаа авсанаас хойш гурав дахь хоригоо тавилаа. Эхэнд Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохгүй байх, удаах нь 2017 оны төсвийн тодотголд тавьсан хориг. Харин гурав дахь нь 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавив.
Иймд ерөнхийлөгчийн хоригийг үндэслэлтэй эсэхийг нягтлаад үзье.
Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна.
2017 оны хувьд тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,727,288.6 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,420,601.4 сая төгрөг байхаар тооцож төсвийг 2,693,312.8 сая төгрөгийн алдагдалтайгаар баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьтай тэнцсэн байна.
Дээрх дүн мэдээнээс 2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил түвшинд, эрс өссөн байгааг харж болох юм. Төрийн эрх баригчид эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан. Тухайлбал, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд УИХ долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхлэхээр болсон. Энэ нь иргэдийг улам л туйлдуулах харалган шийдвэр юм.
Угтаа төр асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байсан. Гуравхан сая хүнтэй байж 150 мянган төрийн албан хаагчтай улс дэлхий дээр байхгүй. Монголд 30-40 мянган төрийн албан хаагч хангалттай.
Түүнчлэн төрийн албаны оновчтой бүтцийг бий болгосноор албан тушаал ажил үүргийн давхардлыг арилгаж цомхон шуурхай ажиллагаатай болох хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгө хомс байгаа энэ үед аль болох шаардлагагүй тэвчиж болох зардлаа багассаж төсвийн алдагдалгүй ажиллаж байж бид энэ хүндрэлээс гарна. Тиймээс зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ