Хар жагсаалтад багтах нь ямар аюул дагуулах вэ?

Европын холбооноос мягмар гарагт Тунис, Өмнөд Солонгос, Монголтэргүүтэй 17 орныг оффшорын бүс нутгаар нэрлэж, зарлалаа. Хар жагсаалтад багтсан орнуудыг татварын хууль эрх зүйн шинэчлэлт хийхгүй бол арга хэмжээ авахаа Европын холбоо анхааруулсан билээ.

Дэлхийн эдийн засгийн глобалчлал явагдаж буй ийм үед нийтээрээ дагаж мөрдөх ёстой конвенциуд олон байдаг. Тухайлбал, ФАТФ /Олон Улсын Санхүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Түр Хороо/ гээд мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг байгууллага бий. ФАТФ-аас гаргасан уриалгыг гишүүн орнууд бүгд хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг. Уриалгыг хэрхэн мөрдөж байгаагаас хамаарч, цагаан, саарал, хар жагсаалтад ордог байна. Манай улсын хувьд хар жагсаалт руу унах өндөр эрсдэлтэй тулгарч, эхний шатны шалгалтад бүдэрчихээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бид мөнгө угаалтын эсрэг сайн тэмцдэг орны жагсаалтад байсан. Гэхдээ хар жагсаалт руу унах эрсдэлтэй тулгарч байгаа нь бидэнд энэ тал дээрээ суларч буйг сануулсан дохион ирж байна гэсэн үг юм. Үүн дээр хууль хүчний байгууллага, Засгийн газар анхааралтай ажиллаж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй юм.

Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Европын бусад байгууллагууд хар, саарал жагсаалтуудад Европын холбоо гишүүн орнуудаа багтаагүйг шүүмжилжээ. Оффшор дансны мэдээлэл ил болсноос нэлээд хохирол амссанПанам улс хамгийн түрүүнд Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцжээ. Панамын эрх баригчид Европын холбооны шийдвэрийг шударга бус арга хэмжээ хэмээн шүүмжилж, элчин сайдаа эгүүлэн дуудаж эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосыг Европын Холбоо татвараас зайлсхийгчдэд таатай орнуудын нэгэнд тооцсонд гүнээ харамсаж байгаагаа Сөүлийн эрх баригчид мэдэгдэв. Тэд Европын Холбооны шийдвэрийг “олон улсын стандартад нийцээгүй” гээд “улс орных нь татварын бие даасан бодлогод халдлаа” гэж буруутгасан.

Монгол Улсын тухайд 2019 он гэхэд Ерөнхий татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Ингэснээр Монгол Улс хар жагсаалтаас гарч, саарал бүсэд багтах эсвэл бүр хасагдах боломжтой” гэж мэдэгдсэн.

Мэргэжилтний хэлж буйгаар бид энэ асуудлаар даруйхан арга хэмжээ авахгүй бол дэлхийн нийтийн интеграцчилалаас 100 хувь тусгаарлагдах магадлалтай юм. Бүх асуудлаар тусгаарлагдахаар эдийн засгийн хувьд ямар болох нь ч ойлгомжтой. Хамгийн наад зах нь ямар ч зээлжих зэрэглэлгүй болно. Ингэснээр дэлхийн нийтээрээ санхүүгийн ямар ч суваг дээр тухайн улсыг хүлээж авахаа байчихдаг. Ийм аюултай. Манай улсад хөрөнгө оруулагчдын 30-40 хувь Европын орнуудаас ирсэн байдаг. Тийм учраас эдийн засгийн харилцаагаа өнөөгийн түвшинд сайн хадгалах учиртай юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ