Ж.Батзандан: Туул голын эргээр газар их олгосноос усны бохирдол хэрээс хэтэрч байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Усны асуудлаар УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүдийн асуулгад харилт өгч байгаад талархаж байна. ус бол чандмань эрдэнэ. 21-р зуунд ус алтнаас үнэтэй болж байна гэж дэлхий даяар үзэж байна. Дэлхийн улс орнууд ус худалдаж авах 1500 гол горхи ширгэсэн гэсэн судалгаа байна. Уул уурхай хөгжсөнөөс говь, тал хээрийн бүс нутаг усны хомсдолд орж байна гэж иргэдээс гомдол ирж байна. Мөн 10 жилийн дараа Улаанбаатар усны хомсдолд орно гэдгийг судлаачид хэлж байна.

Цэвэрлэх байгууламж гэж бид жил бүр улсын төсөвт хэдэн тэрбум төгрөг тавьж байна. Цэвэрлэх байгууламжийг барих Монголын аж ахуй нэгжүүдийг яаж дэмжиж байна вэ. Мөн олон жил яригдаж байгаа Хэрлэн гол, Орхон, Говь төслүүд ямар шатандаа явж байна вэ. Туул голын эрэг хавиар асар их газар олгосноос усны хэрэглээ, бохирдол хэрээс хэтэрч байна. Туул голоо аврах чиглэлд Засгийн газарт тодорхой бодлого байна уу.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат: Хэрлэн, Орхон зэрэг төслүүдийн талаар яриа хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Цаашид бид хил дамнасан олон улсын гэрээний хэлэлцээрийн дагуу хилээр гарч байгаа усаа ашиглах ёстой гэсэн бодлого баримталж байгаа. Сүүлийн 10 гаруй жил усны хомсдол бий болж байна гэдэгт бид нэгдсэн ойлголттой болох ёстой. Үүнд дэлхийн дулаарал, мал аж ахуйн салбарын усны хэрэглээ, уул уурхайтай холбоотойгоор ус хомсдож байна.

Цаашид ундны усны талаар нэгдсэн том бодлого гаргах ёстой. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг удахгүй оруулж ирнэ. Туул болон бусад голын усан сан болон хязгаарлалтын бүсүүдийг хадгалахыг зорьж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж, тодорхой аж ахуй нэгж, байгууллагатай хариуцлага тооцож ажиллаж байгаа.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил сүүлийн 15 жил ярьж байгаа. Ашиглалтад орсноос хойш хэд хэдэн удаа хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэн. 2015 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, Цэвэрлэх байгууламжийг бүхэлд нь шинэчлэх ёстой гэсэн шийдвэр гаргасны дагуу ТЭЗҮ-г хийж, шинэчлэл хийж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болох 350 сая ам.долларын зээлийн авахаар ирсэн. Тодорхой төлөвлөгөөтэй ажлууд хийгдэж байна. Мөн 10 аймагт тусламжаар цэвэрлэх байгууламж барих ажил эхлээд явж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Суурин газрын иргэд нь шууд ундны усандаа ус хэрэглэж байгаа гол мөрний усны чанарын судалгааг ямар байгууллага хариуцаж, хийдэг вэ. сүүлийн үед хавдар нэмэгдэж байгаа нь ундны усны хатуулаг байдлаас болж магадгүй гэсэн мэдээллийг эмч нар өгч байна. Мөн бүх л намууд мөрийн хөтөлбөртөө усны нөөц бүрдүүлж, усан цахилгаан станц байгуулна гэж ярьдаг. Энэ Засгийн газар хийж байна уу.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат: Монгол Улсын ус ашигласны төлбөрийн орлого 2017 онд 47,7 тэрбум төгрөг улсын орлогод орсон. Үүнээс 35 хувийг ус, байгаль орчин хамгаалахад зарцуулж байна. Бид олсон орлогоо л буцаагаад ус, байгаль орчиндзарцуулбал маш том дэм болно. Байгаа төсөв мөнгөний хүрээнд далан, усан цахилгаан станц барина гэдэг ч өнөөдөр цаасан дээр хэрэгжиж байна. Хил дамнасан усыг ашиглахын тулд томоохон нуур үүсгэж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж байгаа.

Бид гадагшаа гарч байгаа усныхаа 10 хувийг ашиглахад л одоогийн хэрэглээ найм дахин нэмэгдэх боломжтой. Туул гол дагуух тусгай хамгаалалттай газар олголтод зөвшөөрлүүдийг шалгах ажлын хэсэг гараад удахгүй дүгнэлтээ гаргана. Тушаал гараад тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд гэрээгээ байгуулаагүйтэй холбогдуулан асуудал үүсдэг зөрчлүүд их гарч байна.

Үүгээр УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудал өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ