Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг.
Ажлын явцыг эрчимжүүлж, шаардлагатай техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлын газар дээр нь шийдвэрлэхээр холбогдох албаны хүмүүс Гандантэгчинлэн хийд орчмын байршлуудад ажиллажээ.
100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна.
Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь хотын төвд байрладаг, үе шаттайгаар яндангүй хороонд шилжих бүсэд хамаарагддаг онцлогтой хороо. Гандангийн бүс нутаг бол соёлын өвийг хадгалсан жуулчдын төв хэлбэрээр хөгжих ерөнхий төлөвлөлттэй. Энд өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, есөн метрээс өндөр барилга барих боломжгүй. Улс, нийслэлийн төсвөөр төвийн дулаан, бохир, цэвэр ус болон цахилгаан хангамжид холбогдох нилээдгүй ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд тав тухтай орон сууцаа барьж, аялал жуулчлалын бүсийн давуу талыг ашиглан орлоготой байх ч боломжтой. Өнөөдрийн байдлаар дулаан дамжуулах төв болон таван гудамжны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гандангийн дэнж дөрвөн блокт хуваагдаж байгаа. Эхний Орхоны нэгдүгээр блокийг энэ онд ашиглалтад оруулж, 100 хувь яндангүй дээрээс нь нүхэн жорлонгүй буюу ариун цэврийн байгууламж нь төвийн бохирт холбогдсон байхаар зорьж ажиллаж байна. Гандангийн дэнжийн орчмоос хөрсний шинжилгээ авч үзэхэд 88 хувийн бохирдолтой гэсэн үнэлгээ гарсан. Тийм учраас утаатай тэнцэхүйц хэмжээний гамшгийн хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол үүссэн байна. Энэ жил агаарын чанарыг сайжруулахад иргэдийн оролцоо их чухал байлаа. Тийм учраас яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгоход иргэдийн идэвхи санаачлага их чухал гэдгийг хэлмээр байна” гэв.
Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, цэвэр ус, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбохоор улс, нийслэлийн төсвөөр Орхон хэсгийн Ус дулаан дамжуулах төв-1, Туул хэсгийн Ус дулаан дамжуулах төв-4, Орхоны 3,4,5,7,10 дугаар гудамжуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ хийгдэж байна.
Орхоны нэгдүгээр блокийн бусад гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ