Д.Нямхүү:ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Д.Нямхүү:  "2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна.

169 нь Улаанбаатарт ирснээс 49 зорчигчийг Амар буудал, Багабаян, Асралт мед эмнэлэгт, ХӨСҮТ-д сэжигтэй 20 тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээг эхлүүлж, эмчийн хяналтад аваад байна.

Өчигдөр Алтанбулагийн боомтоор ирсэн эдгээр хүмүүсийн шинжилгээг авсан. Өнөөдөр шинжилгээ хийгдэнэ.

Халдвартай 12 хүний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээ зохиж байгааг эмчлэгч эмч нар нь хэлсэн"

Туркийн Элчин сайдын гэргийг тусгаарлах байраа голсон, түүнчлэн шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн тус гэр бүлийн гишүүд Элчин сайдын яамны байранд тусгаарлагдаж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна.

Энэ асуудлыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.

-Туркийн Элчин сайдын гэр бүлийнхэн хаана тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа вэ? Тус Элчин сайдын яаманд хүмүүсийг тусгаарласан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан?

-Туркийн Элчин сайдын гэр бүл ХӨСҮТ-д тусгаарлагдсан, биеийн байдал тогтвортой буюу сайн байгаа. Дипломатуудын ар гэр Монгол Улсад ирэх эрхтэй. Энэ хүрээд Туркийн Элчин сайдын гэр бүлийнхэн Сөүлийн нислэгээр ирсэн. Тэднийг Онцгой байдлын дүрмийн дагуу ирсэн даруйд нь шууд эмнэлэгт тусгаарласан. Ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, контакт үүсгээгүй болохоор Туркийн Элчин сайдын яаманд ямар нэгэн тусгаарлалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Туркийн Элчин сайдын яаманд тусгаарлалт, хяналт хийгээгүй.


-Шадар сайд Ө.Энхтүвшиний хүү тусгаарлалтаас гараад, гадуур яваад байна гэх хардлага иргэдэд байна, энэ үнэн үү?


-Тийм зүйл байхгүй. Хэн ч байсан тусгаарлагдсан бол бүгд хяналтад байна. Дураар нь гадуур явуулахгүй.


-ОХУ-д байгаа халдвар авсан хоёр монгол иргэнийг өчигдөр /2020.04.12/ эх оронд авчирсан уу. Халдвар авсан иргэнийг авчрах эсэх асуудалд эрүүл мэндийн байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?


-ОХУ-аас өчигдөр 282 хүн орж ирсэн. Эдгээр хүмүүсийн 110 нь Дархан-Уулд, 169 нь Улаанбаатарт тусгаарлагдсан. Улаанбаатарт тусгаарлагдсан иргэдийн 20 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд нэг иргэнээс нь Covid-19 илэрсэн.

ОХУ-д Covid-19 халдвараар өвчилсөн хоёр иргэнийг авчраагүй. Лабораторийн шинжилгээгээр халдвартай гэдэг нь батлагдсан иргэнийг эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэх нь халдвар хамгааллыг зөрчинө. Өөрөөр хэлбэл, олон улсын дүрмийн дагуу халдвартай, халдваргүй иргэнийг цуг тээвэрлэхийг хориглодог. Мөн тэнд нь эмчлэхийг зөвлөдөг.

Гэхдээ хүний газар өвчтэй үед нь орхих нь нийцэхгүй зүйл. Хэрэв Улсын онцгой комисс халдвартай нь батлагдсан хүнийг авчрах шийдвэр гаргавал халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлэн авчирч болно.

-Франц улсын иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Биеийн байдал нь сайн байгаа. Халдвар авсан хүнээс гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ аваад вирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргадаг. Мөн 14 хоног ажиглаад дахин шинжилгээ авдаг.

-Дугаарын хязгаарлалт тогтоох асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Мэргэжлийн байгууллагын хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй байна. Нийтийн тээврээр олон хүн зорчиж, халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа.


ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар 213 оронд халдвар бүртгэгдсэн. Коронавирус өвчнөөр 1.8 сая хүн халдварласан байна. Одоогоор 1.3 сая хүн эмнэлгийн үйлчилгээ авч байна. АНУ, Англи, Испани, Итали, Турк гэсэн улсуудад халдварын тархалт өндөр байна. Мөн Японд 24 цагийн дотор 500 хүн халдварласан байна.

Манай Хөрш ОХУ-д халдвар идэвхтэй нэмэгдэж байна. Нийт 24 хүн нас барсан. ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотуудад халдварласан иргэдийн багагүй хувь нь хүүхдүүд байна. Иймд манай улсын иргэд ч гэсэн хүүхдээ гадуур авч гарахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд халдвар авах эрсдэл өндөр байна гэдгийг харуулж байна. Байгууллага аж ахуй нэгжүүд ариун цэврийг сайн сахих шаардлагатай байна. Манай улсад 1678 хүн ажиглалтад байна.  Биеийн байдал нь сайн байгаа” гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ