“Гөлөг” Ж.Бямбадоржийг “лайв” Г.Загдаа дарамталсаар ирсэн үү?

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж 1992-2004 он хүртэл 12 жил дараалан, 3 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан бөхөөр бол дархан аваргын дайны хүн юм.
УИХ-ын дэд дарга, Байнгын хорооны дарга гээд түүнд хууль зүйн салбарт хашаагүй өндөр албан тушаал байхгүй. Харин 2004 онд бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Баянгол дүүрэгт нэр дэвшихдээ шинэхэн улстөрч АН-ын “Тумбааш” Батбаатарт өвдөг шороодоод нулимс дуслуулж байсан гэдэг. Тасралтгүй 12 жил парламентад суусан түүний манлайллыг шинэхэн залуу улстөрч тасалдуулж байсан нь энэ.
Гишүүн болж чадаагүй ч 2004-2010 онд 6 жил “өгзөг” Ж.Одбаярын одоогийн хашиж байгаа ”Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан.
2010 оноос одоог хүртэл Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор.
Ж.Бямбадорж даргын намтараас харахад ерөөсөө л хуулийн салбарт тууштай ажиллаж, хууль тогтоох дээд байгууллага хүртэл албан тушаал ахьжээ.
Харамсалтай нь архаг хуульч, акул маань сүүлийн өдрүүдэд хошин шогийн жүжиг тоглож олны нүдийг бүлтийлгэлээ.
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гэж иргэнтэй түүний утсаар ярьсан бичлэг цацагдлаа. Харин Ж.Бямбадорж дарга утасны ярианыхаа тухай олон нийтээс нууж хааж, зугтаалгүй маш “хөөрхөнөөр” тайлбарлаж эхэллээ.
Ерөөс түүний тайлбараас харахад ямар ч хувиралгүй, хошин шогийн гавъяат жүжигчдээс дутахгүй ярьж байх юм.
Иргэн Г.Загдаагийн асуудал тусдаа учир түүний тухай энд ярих нь илүүц гэж бодлоо. Харин Хүний эрхийг дээдлэх, хангуулах үүрэгтэй байгууллагын дарга хүн ямар нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд байгаа байж болзошгүй нэгэнд хүний эрхийн талаар туслалцаа, зөвлөгөө, заавар маягийн юмыг өгчээ.
Тэр нь “гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц л даа” гэсэн үг. Хуулийн акул үүнийгээ эвтэйхнээр гөлөг шиг хөөрхөн энхрийлж харьцаарай гэсэн санаагаар хэлсэн гэж улайм цайм, увайгүй тайлбарлаад байгаа юм.
Бас түүний гөлөг гэдэг үгийн өмнө нь хэлсэн “аугаа өгүүлбэрийг нь” Загдаа гэдэг хүн нь монтажилж хасаад, өөрт ашигтай өгүүлбэрүүдийг үлдээсэн гээд байгаа.
Хүний эрхийн байгууллагыг толгойлж байгаа хүний амнаас гарамгүй үг хэлснээ одоо гавъяа байгуулсан мэтээр зөв талаас нь ойлгуулах гэж ядан жүжиг тавьж байгаа нь хөх инээд хүргэмээр.
Энэ бичлэгээр өөрийг нь бүтэн жил дарамталж байгаа гэдгийг Хүний эрхийн дарга Ж.Бямбадорж ам алдсан. Бүтэн жил Монголын Хүний эрхийн байгууллагын даргыг дарамтлаад, нөгөөх нь дарамтлуулаад байна гэхээр Монголд хүний эрх, хүний эрхийн байгууллага ч гэж байхын хэрэг алга.
Ж.Бямбадорж дарга бүтэн жил дарамтлуулж байхаар яагаад цагдаа, хууль сахиулах байгууллагад өгч болсонгүй бэ?
Хүнийг дарамтлах гэдэг бол Эрүүгийн гэмт хэрэг гэдгийг доктор хуульч мэдэхгүй биш мэднэ шүү дээ. Г.Загдаа нийгэмд энэхүү бичлэгийг цацаагүй байсан бол далд хэлбэрээр дарамтлуулаад хэдэн жил явах байсан болдоо хөөрхий. Ингэхэд манай хүний эрхийн дарга тийм энэрэнгүй уян зөөлөн хүн үү, эсвэл хэлсэн үгэндээ ороогдоод дарамтлуулсаар байв уу.
Харин одоо түүнийгээ тайлбарлаж буй байдал нь нийгэм дэхь завхарал, албан тушаалтнуудын увайгүй, ичгүүргүй, ичих булчирхайгүй болсон дүр зургийг харууллаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Одбаяр олон улсад нэрээ цуурайтуулж, өгзөг базсанаараа өвөлжингөө алдаршсан бол одоо Монголын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нь нохойн гөлгийг яаж хайрлах талаар зөвлөгөө өгснөөрөө ийнхүү алдаршлаа.
Б. Түмэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ