Эрдэмтэд: 'Covid-19'-өөр өвдөөд эдгэрсэн иргэд нөхөн үржихүйн асуудлаа 3-6 сараар хойшлуулах хэрэгтэй

Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрас коронавирусийн нөхцөл байдал болон улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын эрдэмтдийн судалгаа, дүгнэлтийг давтамжтайгаар орчуулан мэдээлж байгаа билээ. Эрдэмтдийн хамгийн сүүлд хийсэн судалгааны үр дүнг нийтэлснийг хүргэж байна.
Дэлхийн 120 гаруй улсын шинжлэх ухааны мэргэжилтэн, эмч, эмнэлгийн үйлдвэр, эмнэлзүйн салбарын мэргэжилтнүүд ДЭМБ-ын зохицуулалт дор “Covid-19” өвчний эсрэг вакцин гаргахаар судалж байгаа бөгөөд одоогоор шинэ төрлийн коронавирусний эсрэг 70 вакцин хөгжүүлж байгаа аж.
Сүүлийн үед “Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн биеийн янз бүрийн хэсэгт загатнах шинж тэмдэг илрэх болсон тухай мэдээлж байна. Энэ талаар доктор Даниел Гриффин “New York Post” сонинд өгсөн ярилцлагадаа хүмүүсийн арьс загатнах, халуу оргих зэрэг шинж тэмдэг нь коронавирус мэдрэлийн системд нөлөөлж байгаагаас үүдэлтэй биеийн дархлааны хариу үйлдэл байх магадлалтай гэжээ.
АНУ-ын “Коронавирустэй тэмцэх шуурхай штаб”-аас 04 дүгээр сарын 09-ны өдөр шинжилгээнд хамруулсан нийт иргэдийн дунд хийсэн судалгааг танилцуулав. Үүнд, 25-аас доош насны хүмүүсийн 11 хувь, 25-45 насны хүмүүсийн 17 хувь, 65-85 насны хүмүүсийн 22 хувь, 85-аас дээш насны хүмүүсийн 24 хувь коронавирусийн халдвар авсан байна. Түүнчлэн шинжилгээнд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 16 хувь, эрэгтэйчүүдийн 23 хувьд коронавирус илэрчээ. Үүнтэй ижил үр дүн өмнө нь БНХАУ, БНИУ зэрэг улсад хийсэн шинжилгээгээр батлагджээ.
“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс өөрийн сангаас коронавирусний эсрэг вакцин, эм хөгжүүлэлтийг санхүүжүүлж байна. Тэрээр хөгжүүлэлтийн шатанд явж байгаа 10 вакцин “ихээхэн найдвар төрүүлж байгаа” гэсэн бөгөөд эдгээрийн нэг “Moderna-NIAID” вакциныг 03 дугаар сарын 16-наас эхэлж хүн дээр туршилт хийж эхэлсэн бол үлдсэн 9-ийг энэ сард багтааж клиник туршилтад оруулна хэмээн мэдэгдэв. Хэдий хурдан хөгжүүлэлт хийсэн ч үр дүнтэй вакцин 2021 оны 09 дүгээр сараас өмнө гарахгүй гэдгийг онцолсон байна.
Тус улсын судлаачид агаарын бохирдол халдвар авах, халдвар авсан хүн нас барах магадлалыг 15 хувиар нэмэгдүүлж, халдвар авсан хүн агаарын бохирдол ихтэй газар 15-20 дахин хурдан бие нь муудаж байгаа талаарх судалгааны дүнг танилцуулав.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэх үед халдвартай нэг хүн дахин 5,7 хүнд халдвар тарааж байсан гэх тооцоог АНУ-ын эрдэмтэд гаргасан байна. Өмнө нь судлаачид Ухань хотын халдварын үед нэг халдвар тээгч 2-3 хүнийг халдварлуулж байсан гэх тооцоо гаргаж байсан.
БНФУ-ын эрдэмтдийн хийсэн туршилтаар шинэ төрлийн коронавирусийн зарим төрөл нь целсийн 60 хэмд олшрон, халдварлах чадвартай хэвээр байгааг тогтоосон байна. Иймд судлаачид шинэ төрлийн коронавирустэй харьцан ажиллаж буй лабораторийн багаж, хэрэгсэл, эд зүйлсийг цельсийн 92 хэмд 15 минут байлгаж ариутгах нь зүйтэй хэмээн зөвлөв.
Австрали, Тайванийн судлаачид БНЭУ-д илэрсэн шинэ төрлийн коронавирусийн өргөсний уургийн бүтцэд өөрчлөлт орсныг илрүүлсэн байна. Тайванийн Чанхуа Их сургуулийн судлаач Вэй Лунван, энэхүү судалгааны үр дүн нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах ажлыг удаашруулахад хүргэж болзошгүй хэмээн санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Японы мэргэжилтнүүд ХДХВ/ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашигладаг “Нелфинавир” эм нь шинэ төрлийн коронавирусийн үржлийг зогсоодог болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Түүнчлэн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг 09 дүгээр сар гэхэд “Covid-19”-ийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилтаа 2 долоо хоногийн дотор эхлүүлэх аж. Оксфордын их сургуулийн профессор С.Гилберт тус багийн амжилтад 80 хувь итгэлтэй байна гэв.
Түүнчлэн Шанхай болон Нью-Йорк хотын эрдэмтдийн тус тусдаа хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ/ДОХ-той адил хүний дархлааны тогтолцооны гол эс “Т-лимфоцит”-ыг хамгийн түрүүнд гэмтээдэг болохыг тогтоожээ. Хятадын ардын чөлөөлөх армийн Дархлаа судлалын институтийн судлаач Чэнь Юнвэнь 02 дугаар сард “Covid-19”-өөр өвдсөн хүний “Т-лимфоцит” маш ихээр унаж байгааг анхааруулж байсан юм.
БНХАУ-ын Засгийн газар “Covid-19”-ийн 3 вакциныг клиникийн туршилтад оруулахыг зөвшөөрсөн талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамнаас 04 дүгээр сарын 14-нд мэдээлэв. БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн Цэргийн анагаах ухааны хүрээлэнгийн академич Чэнь Вэйгээр ахлуулсан баг эхний вакциныг нэгдүгээр шатны клиникийн туршилтыг 03 дугаар сард хийж дуусган, 2 дугаар шатны туршилтыг 04 дүгээр сарын 12-ноос эхлүүлсэн байна.
Уханийн вирус судлалын хүрээлэн болон Хятадын Үндэсний эмийн үйлдвэрлэлийн группын дор ажилладаг Уханийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэн болон Сайковак судалгаа хөгжүүлэлтийн компани /Sicovac R&D Co., Ltd.,/ тус бүртээ вакцин гарган туршилтад оруулах зөвшөөрлөө авчээ. Тус хотын тэргүүлэх зэргийн эмнэлгийн мэргэжилтэн, академич Цяо Жиэгийн хэлснээр коронавирус хүний ДНК-д хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байгаа тул халдвар аваад эдгэрсэн иргэд нөхөн үржихүйн асуудлаа багаар бодоход 3-6 сараар хойшлуулах нь зүйтэй гэжээ.
Хонконгийн микро биологич Юэнь Квокюн өвчтөний уушгинаас авсан эсэд хийсэн туршилтын дүнд шинэ төрлийн коронавирус нь “SARS”-ийн вирустэй харьцуулахад 3 дахин их халдвар тараагч хэсгүүдийг үүсгэдэг болохыг тогтоожээ. Тодруулбал, уушгины эд дээр 48 цагийн дотор “SARS”-ийн вирусээс 3.2 дахин, зарим тохиолдолд 100 дахин олон шинэ төрлийн коронавирусний халдвар тараагч хэсгүүд бий болсон байжээ. Мөн лопинавир, ритонавир, интерферон бетаг хослуулсан эмчилгээ дархлааг дэмжихэд тустай болохыг баталгаажуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ