Цагдаагийн алба хаагчдад 67 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл хандивлажээ

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас 67 сая төгрөгийн өртөг бүхий халдвар хамгааллын иж бүрдлийг гардууллаа. Үүнд маск, гар ариутгагч, хамгаалалттай нүдний шил, усны гутал, бүрэн хамгаалалтын цув зэрэг хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмж багтжээ.

Дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед хамгийн их эрсдэлд орж буй нийгмийн бүлэг бол өрхийн амьжиргаа доогуур, орлого багатай, олон хүүхэдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд, гэр бүлийн гишүүнтэй өрхүүд болон тэргүүн эгнээнд ажиллаж буй мэргэжилтэн, алба хаагчид юм.

Дэлхийн Зөн олон улсын байгууллага эдгээр хүмүүст хүнд үеийг эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орлого багатай өрхүүдэд хүнсний яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилласан.

Үүний зэрэгцээ яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа хийж, COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 сарын хугацаатай 2,2 сая ам долларын хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан санхүүжилтийг баталжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ