Д.Нямхүү: Москвагаас ирсэн нэг оюутнаас вирус илэрч, батлагдсан 33 тохиолдолтой боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.20/ ээлжит мэдээллээ өгч байна.
Дэлхийн 213 улс, бүс нутагт тархаж, 2 сая 330 шахам мянган хүн өвчлөөд байгаа шинэ коронавирусний халдварын улмаас дэлхий даяар 1,5 тэрбум сурагч хичээлдээ явахгүй байгаа талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хурлаар мэдээллээ.
Б.Нарангэрэл : Сүүлийн 24 цагт ОХУ-д 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна. Өвчлөгсдийн 60 гаруй хувь хөнгөн балархай шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд 45 хүртэлх насны хүмүүс дийлэнх нь аж. ОХУ өвчтөнүүдээ хяналтад авч чадаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Мөн өвчлөлийн 50 хувь нь шинж тэмдэггүй балархай байна гэж үзжээ. ОХУ-д шинэ эмчилгээ нэвтрүүлсэн нь өвчилсөн хүний цуснаас плазмыг ялгаж, гурван хүнд өвчтөнд эмчилгээ хийжээ. Энэ бол маш үр дүнтэй байсан аж. Иймд эмчлэгдээд гарсан хүмүүсийг сайн дураараа цусаа өгөхийг эмч нар уриалсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр зарлиг гаргаж визний хугацаа дуусч байгаа гадаадын иргэдийн визийг зургадугаар сарын 15 хүртэл сунгана гэсэн шийдвэрийг гаргажээ. ОХУ-ын бүх мужид өвчлөл гарсан бөгөөд Увс, Баян-Өлгий аймаг ОХУ-тай хил залгаа. Иймд иргэд сэрэмжтэй байхыг сануулж байна.
Эмч ажиллагсдыг халдвараас хамгаалах хамгаалалтын хувцас үйлдвэрлэхийн тулд хэд хэдэн үйлдвэрийн ашиглалтын зориулалтыг өөрчилжээ. Хэдий тийм боловч хамгаалалтын хувцас хэрэглэлийн дутагдалд орох эрсдэлтэй тул БНХАУ-аас 1.2 сая хамгаалалтын хувцас авахаар гэрээ байгуулжээ. Эхний ээлжинд БНХАУ-аас 300 мянган хамгаалалтын хувцас авч байгаа юм байна.
Манай улсад ажиглалтад 1227 хүн байна. Өчигдрийн хувьд ажиглалтаас 226 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Нийт ажиглалтын байранд дөрвөн их эмч, 27 резидент эмч байгаа” гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Янжмаа: Япон улсад халдварын тохиолдол 10 мянга 400-д хүрсэн. Халдварын тархалтаар Токио, Осака хот тэргүүлж байгаа бол нас баралтын тоо 712-д хүрчээ. АНУ-ын Нью-Йорк мужид өнгөрсөн 24 цагт нас баралт 540, нийт нас барсан хүний тоо 13 мянгыг давжээ. Нийт 17 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өдөртөө 2000 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна. Нидерланд, Бельги улсад халдвар нэмэгдсээр байгаа бол Их Британид эмнэлэгт нас барсан хүний тоо 15 мянгыг давлаа. Өнгөрсөн нэг хоногт 880 хүн нас баржээ. Одоогийн байдлаар Их Британид 357 мянган хүнийг шинжилгээнд хамруулснаас 114 мянган хүнд халдварын тохиолдол илэрсэн байна. Турк улсад өнгөрсөн 24 цагт 3783 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 82399 болж, халдварын тохиолдлоор Турк улс Иран улсын өмнө орсон байна. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийд хөл хорионы хугацааг сунгаж байна. Тухайлбал, Алжир, Узбек, Хорват улс хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Дэлхийн олон улсад боловсролын байгууллагын сургалтыг зогсоосон бөгөөд нийт 1,5 тэрбум сурагч уг арга хэмжээнд хамрагдаж байна” гэлээ.
-Бид дөрөвдүгээр сарын 12-нд оюутнуудыг хүлээн авсан. Хамгийн сүүлийн тохиолдол гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрлээ. ОХУ-д сурч байсан оюутнуудад тандалт хийж байна. Өвчлөл гарсан сургуулийн 24 оюутныг тусгаарласан. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээг 2-3 удаагийн давтан шинжилгээ авч байна. Дахин авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ