Хово маркийн автомашин айлын хашаа, байшинг мөргөсөн ноцтой осол гарлаа

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт том оврын автомашин айлын байшин мөргөж, нураасан осол гарчээ.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны 12:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын гудамжинд шороо ачсан том оврын Хово маркийн автомашин айлын хашаа, байшинг мөргөсөн осол бүртгэгджээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад "Тухайн зам, тээврийн осол өнөөдөр 12:30 цагт болсон.

Ослын улмаас Хово маркийн автомашины жолооч бэртэж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тус автомашин Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын гудамжны .. тоот айлын байшинг нэг талаас нь мөргөсөн бөгөөд байшин нурах үедээ урд талын гэрийг дарсан.

Тухайд үед байшинд нэг эмэгтэй, бага насны хүүхдийн хамт байсан ч азаар автомашин мөргөсөн талын өрөөнд байгаагүй.

Одоогоор тус хэргийг шалгаж байна" гэлээ.

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор том оврын автомашинууд замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Өвлийн цагт удаан хугацаагаар зогссон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоход бүрэн бүтэн байдал нь алдагдсан байж болзошгүй.

Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа нь зам тээврийн ослын шалтгаан болж байна.

Иймд том оврын автомашинаар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж болон иргэд ажилдаа гарахаасаа өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, аж ахуйн нэгж эрхлэгчид жолооч нараа ядарсан үед нь тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ