Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ААН-үүд ноолуур худалдан авч эхэлжээ

Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталсан билээ. Ингэхдээ ноолуурын үнийг буулгахгүйн тулд үйлдвэр эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар гаргах бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, ХХААХҮ-ийн яамтай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажлаа орон даяар эхлүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгж нь малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх үүрэгтэй байна. Мөн малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа сумын Хөдөө аж ахуйн тасгаар баталгаалжуулж банкинд хүргүүлэх аж. Харин банк нь малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ