Д.Нямхүү: Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрч, нийт 35 тохиолдол боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2020.04.22/
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд нэвтэрсэн иргэнээс буюу олон улсын тээврийн үйлчилгээнд явж байсан жолоочоос авсан шинжилгээний хариу эерэг гарч, халдварын тоо 34 болсныг ЭМЯ өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл түүнтэй хамт Алтанбулаг боомтоор орж ирсэн эхнэрийнх нь шинжилгээний хариу мөн эерэг гарчээ.
Халдвартай нь тогтоогдсон эхнэр, нөхөр хоёрыг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээ хийж байна.
Эдгээр иргэд нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот руу тээвэрт явсан ба дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад ирсэн өгүүлэмжтэй байгаа. Тэднийг ирсэн даруйд Сэлэнгэ аймагт "Сэлэнгэ" зочид буудалд ганцаарчлан тусгаарлаад байсан юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын тээврийн үйлчилгээнд явж байсан 79 жолоочийг тусгаарласан ба тэдний нэг нь буюу коронавирус илэрсэн жолоочтой ойрын хавьтал болох нэг жолооч Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байна. Бусад жолооч нарыг Улаанбаатар хот руу авчирч, тусгаарлажээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр илэрсэн тохиолдлын ойрын хавьтлын 24 хүнийг шинжлэхэд 23 нь сөрөг, нэг хүнээс эерэг буюу вирус илэрсэн" гэж мэдэгдлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд халдварын нийт тохиолдол 2.5 сая, нас барагсдын тоо 177 мянга байна. 213 улс, орон бүс нутагт халдвар бүртгэгдсэн.
Монгол Улсад ажиглалтад 1222 хүн байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 5642 шинэ тохиолдол бүртгэгдсэний 3000 нь Москва хотод бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 53 мянга боллоо. Халдвар эрчимтэй нэмэгдэж буй учраас ОХУ, Москва хотод өнөөдрөөс шинэ дэглэм мөрдүүлэхээр боллоо" гэв.
"ДЭМБ-аас COVID-19 халдварын шинэ шинж тэмдгийг өчигдөр танилцуулсан. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өөрчлөлт гарч байна.
Үүнийг COVID-19 халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна" гэв.
ДЭМБ-аас цар тахлын хүнд хэцүү үе ард биш урд хүлээж байна гэдгийг улс орнуудад анхааруулан мэдэгдэж буйг мэдээлэлдээ онцоллоо.
Б.Янжмаа, Япон улсад өнгөрсөн 24 цагт 390 шинэ тохиолдол, нас баралт 20 бүртгэгдлээ. Халдварын тархалт өндөртэй байгаа гадаадын орны иргэдийг Япон улс өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мягмар гарагт гаргалаа.
Сингапур улс халдварын тархалтын 2 дахь давалгаанд нэрвэгдэж, халдвар авсан хүний тоо 9000 давжээ. Гадаадын цагаач ажилтан халдвар тараасан бөгөөд цагаач ажилчдын нийт 43 байрны талаас илүүд нь халдвар тархсан байна.
ШУУД ҮЗЭХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ