Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр зөвшөөрөлтэй иргэд нийслэл рүү нэвтэрч байна

Манай улсад Короновирусын батлагдсан 34, 35 дахь тохиолдлууд Алтан булгийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч болон түүний эхнэрээс илэрсэн. Иймээс Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны хүртэл хаасан.

Энэ хүрээнд ЦЕГ-аас Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өчигдөр ажиллажээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналт шалгалтын хэлтсийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон цэгт 24 цагийн хяналт тавин ажиллаж байна.

Эмээлтийн товчоогоор энгийн үед өдөрт 4000-5000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол зам хаасан өдрүүдэд хот руу нэвтрэх тээврийн хэрэгсэл багасч иргэдийн зүгээс авч буй арга хэмжээг ойлгон хүлээцтэй хандаж байгаа аж. Ажилдаа явахаар нийслэл рүү орж байгаа иргэдийн бичиг баримтыг нь үзэж нэвтрүүлж байгаа бол автобусуудыг нэвтрүүлэхдээ зорчигчдод амны хаалт зүүх шаардлагыг тавьж зорчигчдын эрүүл мэндийн байдлыг хянаж байгаа юм. Нийтийн тээврийн болон хот хоорондын зорчигчид асуулгатай хуудас бөглөж байгаа бол суудлын машины зорчигчдын халууныг үзэж, хаана сууж байгааг нь шалгаж байна. Мөн ачаа тээврийн машинуудын техникийн бүрэн бүтэн байдал болон зорчигчдын аюулгүй байдлыг хянаж байгаа аж.

Ачаалал ихтэй байдаг Өлзийт, Эмээлт, Баруунтурууны пост дээр нэмэгдлээр албан хаагч томилогдон ажиллаж байна. Ачаалал ихтэй пост дээр 3 албан хаагч, бага үед хоёр алба хаагч ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ