Д.Нямхүү:ОХУ-аас ирсэн оюутанаас коронавирус илэрч, нийт тохиолдлын тоо 38 боллоо

Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ өнөөдөр /2020.04.26/ шинэ коронавирусийн талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн дотор ОХУ-ын 53 бүс  нутагт халдвар бүртгэгдэж халдвар авсан хүний тоо  73 мянгад хүрсэн байна.  Өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь хатуу хөл хорионы дэглэмийг иргэд сахихгүй гадуур их гарах,  улирлын томуугийн шинж тэмдэгтэй цуг коронавирусийн халдвар хавсрах, үүнээс гадна 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас  эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаа гэж судлаачид дүгнэж байна. Мөн ОХУ-ын муж улсуудад өвчлөл нэмэгдэж байна.  Манай улсад ажиглалтад 743 хүн байна. Зарим улсад өвчилсөн хүн амдаа эдгэрсэн тухай гэрчилгээ олгох тухай хэлэлцэж байна. ДЭМБ-аас энэ өвчнөөр өвчилсөн хүн дахин халдвар авахгүй гэх баталгаа байхгүй гэж сануулжээ.

АНУ-д 1600 хүн шинээр нас барж, нийт халдварын тоо 900 мянгад хүрлээ. Нью-Йорк хот халдварын голомт хэвээр байна. Хөл хориог цуцлах боломжгүй гэж мужийн захирагч анхааруулжээ. Франц, Испанид маш хатуу хөл хорионы дэглэм үргэлжлүүлэн мөрдүүлж байна. Гэвч хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Испанид энэ эрчээрээ халдвар буурсаар байвал ирэх сараас эхлэн иргэдэд гадаа гарч, дасгал хийхийг зөвшөөрнө гэв. Японд 13 шинэ халдвар илэрч, нийт тохиолдол 13 мянгад хүрэв. 

БНХАУ-д шинээр нас баралт бүртгэгдээгүй байна. Азийн орнууд дундаас нас баралтаар Индонез тэргүүлж байна. Тус улсад тамхидалт өндөр байдаг нь үүнд сөргөөр нөлөөлж байгаа аж. 

Хүн амын дунд кластер хэлбэрээр буюу голомтлон халдвар гарах нь хамгийн өндөр аюултай.   

Мөн Эрүүл мэндийн яамны 119 дугаарт 24 цагийн дотор зургаан улсаас Монголын иргэд зөвлөмж авсан, нэг хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 209 шинжилгээ хийсэн байна. Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 167 хүнд давтан шинжилгээ хийснээс, нэг хүнд гурав дах давтан шинжилгээгээр илэрлээ.  ОХУ-д сурч байсан оюутан байсан бөгөөд гурав дах шинжилгээгээр илэрснээр коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ. Мөн өчигдөр нэг хүн эдгэж, ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 29 хүн байна

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Зарим улс орнууд коронавирус тусаад эдгэрсэн хүмүүстээ гэрчилгээ олгож, гадуур чөлөөтэй зорчуулах санаачилга гаргаж байна. Харин ДЭМБ-аас вирус тусаад эдгэрсэн хүн дахиад өвчлөхгүй гэсэн баталгаа байхгүй учраас чөлөөтэй зорчуулж болохгүй гэдэг зөвлөгөөг өгч байна. Франц улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 369 хүн нас барсан. Хөл хорионы дэглэмийг хэрхэх талаар ирэх долоо хоногт төлөвлөгөө гаргаж танилцуулахаар болж.

ОХУ-д 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 6000-аар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 74 мянга болжээ.  Японд халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 13 мянгад хүрчээ. БНСУ-д шинэ халдвар 10, нас баралт 2 бүртгэгдээд байна. 

Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан "Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хоёр чиглэлээр бэлэн байдал хангаж ажиллаж байна. Нэгдүгээрт, эмнэлэг коронавирусээс хэрхэн сэргийлэх. Хоёрдугаарт, вирусийн дэгдэлт гарвал яаж бэлэн байдлаа хангах вэ гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Шаардлагатай тушаал, шийдвэрийг гаргасан. 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлээр төвлөрч ажиллаж байгаа.  Эрдсдэл өндөртэй газруудад өдөр бүр ариутгал хийж байгаа. Үйлчлүүлэгчийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг захиалах операторын тоог нэмсэн. Мөн утсаар зөвлөгөө өгч, заавал эмнэлэгт ирүүлэхгүй байх чиглэлийг барьж байгаа. 

Шинэ коронавирусийн халдвар дэгдсэн тохиолдолд манай эмнэлэг хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүсийг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. 140 ор бэлтгэсэн. Энэ хэсэгт эхо, рентген гээд вирусийн шинжилгээг хийх бүх шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг бэлтгэсэн.  Коронавирусийн дэгдэлт үүссэн тохиолдолд эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлсэн. 8 багийг бэлтгэээд байгаа. Ард түмэндээ хандаж хэлэхэд, эмнэлэг эрсдэл өндөртэй учраас шаардлагагүй тохиолдолд үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй" хэмээлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ