Эдийн засгийг сэргээх зорилгоор зарим байгууллагын үйл ажиллагааг нээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд 2.5 га, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүүл даваанд 6 га газар гал түймэрт өртөж, нийт 265 алба хаагч гал унтраахаар ажиллав. Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд 8 га, 11 дүгээр хороо, Зайсангийн 2.5 га газрын гал түймрийг унтраахаар нийт 86 алба хаагч ажиллажээ.
Хотын Захирагч “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед болгоомжгүйгээсээ болж гал түймэр гаргаж, алба хаагчдын ачааллыг улам нэмэгдүүлэхгүй байхыг иргэд та бүхнээсээ хүсье. Анхаарал болгоомжтой байж, бие биедээ хяналт, шаардлага тавих хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад авто мотоциклийн клубууд, сонирхогчид, иргэд, залуучууд олноороо ирж, онцгой байдлын алба хаагчдад эх оронч сэтгэлээр, нийгмийн хариуцлагаа биелүүлж тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ