Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1022 иргэн ажиглалтад байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Монголд дотооддоо коронавирус тархсан гэх мэдээллийг няцааж, тайлбар өглөө.
Тэрбээр, Халдвар дотроо тархлаа гэсэн мэдээлэл өчигдөр орой нийгмийн сүлжээгээр тархаж, ард иргэдийн тайван байдлыг алдуулж амраасангүй. Иргэдэд буруу ташаа мэдээ өгсөн хүнд та нар дургүйцэх хэрэгтэй. Шөнийн нойр муу, сэтгэл санаа тавгүйтэх нь дархлаа муудахад хүргэдэг. Халдвараас ард иргэдээ хамгаалахын өдий хүртэл хичээж ажиллах байхад ташаа мэдээ тараасан нь харамсалтай.
Франкфурт руу нисэх гэж байсан хэд хэдэн иргэн шинжилгээ өгсөн. Түргэвчилсэн шинжилгээгээр нэг эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Энэ иргэнийг Франкфуртын онгоцоор явуулаагүй, ХӨСҮТ-д хэвтүүлэн хянаж байна гэлээ.
Лабаораторийн шинжилгээгээр Франкфуртын онгоцоор явах гэж байсан нэг иргэнд коронавирусийн эсрэг бие үүссэн нь батлагдсан. Энэ хүн коронавирусээр өвдөөд эдгэрсэн гэсэн үг. COVID-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдөөд, эрүүлжихэд тухайн хүний цусанд коронавирусийн халдвар авсныг гэрчлэх тэмдэг буюу эсрэг бие үүсдэг. Эсрэг бие үүссэн гэж шинжилгээгээр гарсныг коронавирус илэрлээ гэж нягтлалгүй зарлалаа.
Энэ хүний ойрын хавьтал 15 хүнийг шуурхай илрүүлэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Франкфуртын онгоцоор явах гэж байсан иргэн 50 гаруй хоногийн өмнө Бельги улсаас ирсэн. Ирснээс хойших 14-21 хоногт халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хэрэв вирус байсан бол шинж тэмдэг илрэхгүй ч ойрын хавьтлуудад нь коронавирус илрэх ёстой.
Тухайн үед Бельги улсад халдвар голомтлон гараагүй байсан. Тархвар судлаач эмч нар халдварласан байж болох магадлалыг маш олон талаас нь нягталж, үзэж байгаа. Тийм учраас ард иргэд амралтын өдрөө тайван өнгөрүүлээрэй гэлээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд:
-Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах хүрээнд үйлчлүүлэгчдийн урсгал хөдөлгөөнийг нэг чиглэл болгосон. Жирийн үед гурван орц гарцаар үйлчилдэг байсан бол нэг гарцаар үйлчлүүлэх боломжтой болгосон. Эргэлтийн цагийг богиносгож 17:00 цаг болгосон. Улсын хоёрдугаар төв эмнэлэг 280 ор дэлгэн ажиллах тушаал авсан. Үүнээс эрчимт эмчилгээний тасгийн 50 ор бэлтгэсэн, хөнгөн болон хүнд өвчтөнд 230 ор сулласан. Халдвар тархсан тохиолдолд 12 цагийн дотор 280 ор суллах боломжтой. Одоогоор 100 ор суллаж бэлэн байдалд байна. Тусгаарлах 30 орыг бэлдэж, 24 цагаар эмч сувилагч үйлчлэгч гэсэн багаар ажиллуулж байна. Эмнэлгийн хэмжээнд жирэмсэн ажилчдаа чөлөөлсөн. Тусгаарлах, ажиглалтад буй эмч эмнэлгийн ажилтнуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Ор бэлтгэх бэлтгэл сургуулилтыг дөрвөн удаа хийсэн. Сургалтад давхардсан тоогоор 600 эмнэлгийн ажилчид хамрагдсан. Хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх тайлах сургалтыг тогтмол явуулж байна. Шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ