Хатгалгаагаар "хамаг" иргэдээ алдмааргүй байна

 Манай улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь амьсгалын эрхтний эмгэг юм. Өнгөрөгч 2019 онд 400 гаруй хүн уушгины хатгалгаагаар нас барсан бөгөөд ихэнхи хувийг бага насны хүүхдүүд эзэлж буй юм.  Тодруулбал, 2019 оны стасистик мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн.         

Үүнээс харахад Монголчуудын дунд коронавирусийн халдвараас илүүтэй уушгины хатгалгаа газар авч, сэтгэл түгшээж байна. Угтаа бидэнд урьдчилан сэргийлэх бүх арга нь байсаар атал уушгины хатгалгаагаар жил бүр 300-400 иргэнээ алдах нь дэндүү эмгэнэлтэй.                  

Бид коронавирусийн “ачаар” уушгины хатгалгаа гэдэг ямар аймшигтай өвчин болохыг бага сага гадарладаг боллоо. Адаглаад л амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх ёстойг мэдэж, гараа угааж “сурлаа”.  Энэ нь ч үр дүнгээ өгч иргэд хувийн ариун цэврээ дээд зэргээр сахиж буй тул томуугийн өвчлөл дагаад буурсныг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байдаг.

Уушгины хатгалгаа нь нян, вирус, мөөгөнцрийн гаралтай бусад шалтгаанаар үүсдэг аж. Энэ талаар Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч н.Содгэрэл хэлэхдээ “Өмнө нь уушгины хатгалгаа 5-7 хоногт эдгэдэг байсан бол одоо үед хэв шинжит бус, маш хүнд хэлбэрийн хатгалгаа богино хугацаанд хүндэрч, амьсгалын дутагдалд оруулах, бусад эрхтэн системийг хурц дутагдал оруулж, эрсдэлт байдалд хүргэх тохиолдлууд нэмэгдсээр байна” гэв.        

Ийнхүү уушгины хатгалгаа нэмэгдэж байгаа нь агаарын бохирдол болон хүн амын дархлаа сул байгаатай холбоотой юм. Хүний дархлаа сул байгаа нь хувь хүний эрүүл мэндийн хариуцлагатай шууд холбоотой. Тиймээс иргэд хүйтэн сэрүүний  улиралд аль болох өөрсдийнхөө эрүү мэндэд илүүтэй анхаарч, дархлаагаа дэмжих нь маш чухал юм.

Мөн амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, ариутгахаа мартаж болохгүй. Үгүй бол хатгалгаагаар хамаг иргэдээ алдмааргүй байна шүү. 

Г.Хулан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ