Ямаатай ч, хүүхэдтэй ч больё

“Хүүхэд бас ямаагүй. Ядаж байхад хувьцаа ч үгүй..” хэмээн гоморхох залуус цахим орчинд мэр сэр үзэгдэв. Ийн гомдоллохын учир нь 0-18 насны хүүхэд бүрт ирэх аравдугаар сар хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно гэх Засгийн газрын шийдвэр зарим хүмүүсийг ийн бодоход хүргэв. Угтаа энэ нь коронавирусийн халдварт цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр дахь шатны хөтөлбөр юм. Мэдээж сонгууль ойртохоор "хүнлэг", "ямаалаг" шийдвэр гаргадаг манай үе үеийн эрх баригчдын дадал зуршил бий байх.
Энэ шийдвэр мэдээж мянга мянган аав, ээжүүдийн магнайг тэнийлгэх мэдээ байсан. Тэгээд бүр хүүхдийн мөнгөний зөрүү нь өдөртөө ороод эхэлсэн нь олон хүмүүсийг баярлуулав. Монгол улсад нийт нэг сая 190 мянга орчим хүүхэд хүүхдийн мөнгө авдаг. Ийнхүү халдварын улмаас санхүүгийн хүндрэлд ороод буй иргэдийн нуруу үрсийнхээ буянаар бага ч болтугай тэнийх нь. “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж монголчууд хэлэх дуртай. Энэ үг хэчнээн үнэнг өнөөдөр бид бүр ч их мэдэрч сууна.
Харин ямааны хувьд бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэдгээ засгийн газрын ээлжит бус хуралдаанаар амласан. Гэвч төд удалгүй бодит үнэнтэй нүүр тулж, тэгэх боломжгүйгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дараахан УИХ-ын дарга Г.Занданшатарын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн малчдыг дэмжих зорилгоор нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж байгаагаа дуулгасан. Эл шийдвэр гарсны дараа “Хүүхдийг ямаанаас дор үзлээ” гэх шүүмжлэл олон нийтийн дунд гараад байв. Хэдийгээр ямаанд бус малчинд очих нэмэгдэл ч юуны түрүүнд алаг үрсээ бодох учиртай гэж барьцаж байсан хэрэг л дээ. Харин одоо бол барьцахгүй баярлахаар болсон.
Ямартай ч зарим залуус “хүүхэд бас ямаа ч үгүй” гэж барьцаж суухын оронд хөл хорионы энэ үеийг ашиглаад ямаатай ч, хүүхэдтэй ч бол гэж зөвлөе дөө.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ