Аугаа их "Ялалтын баяр" тохиож байна

Хүн төрөлхтний түүхэнд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.
Дайны жилүүдэд Зөвлөлтийн 34.5 сая цэргийн алба хаагч дайчлагдан дайнд оролцсон байна. Дайнд 13.7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7.4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2.2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4.1 сая хүн өлсгөлөнгөөр нас барав.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ.
Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 75 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан, мөн ялалт байгуулсан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа зохион байгуулах ёстой байсан ч Covid-19 цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсан.
Гэхдээ энэ өдөр Улаан талбайд агаарын зэвсэгт хүчний үзүүлбэр уламжлал ёсоор болно. Үүнээс гадна, ахмад дайчид бүрт биечлэн мэндчилгээ дэвшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ