Д.Нямхүү: Өчигдөр нийт 394 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхийн хэмжээнд нийт 4.1 сая хүн шинэ коронавирусээр халдварлаж, 278 мянган хүн нас баржээ. Харин 1.3 сая хүн эдгэрсэн байна.  Манай улсын хувьд коронавирусийн халдварын 42 тохиолдол бүртгэгдсэн юм. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн нийт хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 397 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Задалж хэлэх юм бол тандалтын зорилгоор цуглуулсан таван сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байрнуудад тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Мөн энэ тоонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ бас орсон байгаа. Алтан булаг аймгаар орж ирсэн ачаа тээврийн 36 жолоочийн шинжилгээг Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид хийсэн бөгөөд мөн коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 107 хүн ХӨСҮТ-д ажиглалт тандалтад байна. Өчигдөр коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй. 

Энэ үеэр ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий даяар нийт 4.1 сая хүн өвчилж 1,4 сая хүн эдгэрсэн. 2,3 сая хүн эмчлүүлж байна. Манай улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэрч, хяналтын шатанд шилжсэн. 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж 4350 зорчигчдод тандалт хяналт тавьсан. Коронавирус илрээгүй. 24 цагийн 119 дугаарт 116 дуудлага ирсэн. Халдвар хамгааллын ямар дэглэм барих вэ, дэлхийн улс орнуудын байдлын талаар ихэвчлэн асуужээ. 119 аппликейшнээр нийт 26 дуудлага ирсэн. гадаадын 5 улсаас 13 иргэн утсаар ярьсан. Клиникийн шинж тэмдэг, эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. 

Манай иргэдийн хувьд маскаа ил задгай хаяж байгааг сэрэмжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тимээс маскаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. 

ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран цаашид авах арга хэмжээний чиглэлийг байнга гаргаж байгаа. Яагаад гэвэл дэлхий дахинд коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхлэх, зарим оронд эхэлж байгаа гэсэн чиг хандлагатай байгаа. Манай орны хувьд коронавирусийн халдвар хүн амын дунд голомтлон тархах нь цаг хугацааны асуудал. Тиймээс резидент эмч нараа сургаж, бэлэн байдлаа хангаж байна" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ