Цементийн үнэ "цэцэглэх" цаг дор

Урин дулааны цаг болж барилгын ажлууд аль эрт эхэлсэн. Гэвч барилга байшин барихад “талх” шиг хэрэглэгддэг гол шаардлагатай материал болох цемент олдохгүйд хүрчээ. Тухайлбал, Гурвалжингийн гүүрний барилгын материалын дэлгүүр орчимд нэг уут цементийг урьд нь 7000-8000 төгрөг борлуулдаг байсан бол одоо 15000 төгрөгөөр борлуулж байна. Барилгын салбарын гол бүтээгдэхүүн болох цемент ингэж нэмэгдсэн нь компаниуд болон иргэдэд ихээхэн дарамт болж эхэлжээ. Учир нь бүтээн байгуулалтын ажил эхэлж, барилга байгууламж барих ид цагаар ийнхүү ямар ч шалтгаангүйгээр цементийн үнэ өсөхөөс гадна олдоцгүй байгаад иргэд ихээхэн бухимдаж байна.
Иргэдийн санал бодлоос ажиглахад цемент олдохгүй байгаа хоёр шалтгаан байгаа аж. Нэг хэсэг нь Хятадын цементэд өндөр татвар тавиулж өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн “МАК”, “Монцемент” эзэдтэй Монгол үйлдвэрүүд цементээ худалдаанд гаргах хэмжээгээ багасгаж санаатай хомсдол үүсгэж байна. Харин нөгөө хэсэг нь дундын зуучлагч буюу ченжүүдээс болж үнийн хөөрөгдөл, хомсдол үүсч байна гэцгээж буй юм. Харин МАК-ийн зүгээс бол “Үйлдвэрээс гэрээт салбарууддаа нийлүүлэлт хийгдэж байгаа боловч бага хэмжээтэй байгаа. Нэг тонн цементийг 185 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд бид тогтвортой үнийн бодлогыг баримталж байгаа” гэсэн тайлбарыг өгөөд буй.
Манай улсын жилийн цементийн хэрэглээ хоёр сая тонн байдаг гэх. Тэгвэл Монгол Улсын цементийн нийт хэрэгцээг ”МАК”, Хөтөлийн ”Цемент-Шохой”ХК, ”Монцемент Билдинг Материалс” ХХК, ”Мөнхий баян гал” ХХК зэрэг компаниуд хангадаг. Дээрх компаниуд нийт хүчин чадлынхаа 30 хувиар л ажиллахад Монгол улсын хэрэглээг бүрэн хангах боломжтой учир цементийн хомсдол үүсэхгүй, үнэ тогтвортой байх аж. Гэтэл энэ жилийн хувьд COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан барилгын материалын үйлдвэрлэл харьцангуй орой эхэлжээ.
Ийнхүү эрэлт хэрэгцээтэй энэ үед үйлдвэрлэгч нар томоохон барилгын компаниудад тогтвортой үнээр борлуулж байгаа ч жижиглэнгээр авах хүсэлтэй иргэд ченжийн тогтоосон өндөр үнээр авахаас өөр сонголтгүй болоод байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ