Монголчууд "хүссэн, хүсээгүй" минимал амьдарч байна

Манайхан сүүлийн үед минимализм, минимал маягийн амьдралын талаар нилээд ярих болсон. Ялангуяа гадаадад сурч, амьдарч байсан  залуучууд. Тэд гадаадад удаан амьдраад амьдралын үнэ цэнийг арай өөр өнцгөөс харж эхэлдэг бололтой.

Эхлээд минимализм гэж чухам юуг хэлээд байгааг тодруулъя. Энэ нь латины minimus (хамгийн бага) гэсэн үгнээс гаралтай урсгалын нэр юм билээ. Өнгөрсөн зууны дунд үеэс минимализм ялангуяа урлагт хүчтэй түрэн орж иржээ. Тухайлбал, дизайн, хөгжим, загварын ертөнцөд энэ урсгал хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Яваандаа минимализм нь хүмүүсийн амьдралын хэв маяг болж түүнийг баримтлагчид улам бүр олширч байгаа аж.

Хүмүүс яагаад минимал маягийн амьдралыг сонгодог гэхээр түүнийг сонгосноор илүү эд зүйлсээсээ салж, хэрэглээгээ хязгаарлаж энгийнээр амьдрах болсноор өөрийгөө хөгжүүлэх, амьдралынхаа гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог аж. Жишээ нь  суут хүмүүс, эрдэмтэд, нэрт зохиолчид хувцаслалтандаа нэг их анхаарал тавьдаггүй нь тэд хувцасны сонголт, гадаад үзэмжиндээ цаг зардаггүй зөвхөн ажлаа л бодож явдагийн илрэл юм байна л даа.

Жирийн хүмүүсийн хувьд минималист маягийн амьдрал нь материаллаг эд зүйлсэд биш, харин өөртөө болон дотно хүмүүстээ цаг, мөнгөө зарцуулах, орчинтойгоо эвсэг, зохицож амьдрах боломж олгоод зогсохгүй эрүүл энх, урт наслахын үндсийг тавьж өгдөг гэж ойлгож болно. Бүр энгийнээр тайлбарлах юм бол эдийн шуналд автагдаж элдэв новш цуглуулан эдийн боол болохгүй амьдрахыг хэлээд байна. 

Харин Монголчуудын хувьд саяхныг хүртэл бараг бүгдээрээ минималист маягаар амьдарч байсан гэж болно. Яагаад гэвэл бид нүүдэлчин удамтай. Илүү эд зүйлс нүүдэллэхэд дараа болдог учраас нүүдэлчид цомхон хэрэглээтэй, байгальтайгаа зохицож энгийн натурал маягаар амьдарч ирснийг нь минимал маягийн амьдрал гэж бас тодорхойлж болох. Дээрээс нь цалин гэх "багахан" хэдэн төгрөгөө хэрэглээндээ тааруулах гэж танаж, хасах нь олонтаа. Ингээд харахад бид чинь хүссэн, хүсээгүй л минимал амьдарч буй хүмүүс юм даа.   


Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ