Агаарын тээврийн салбарыг "амьсгалуулъя"

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас хамгийн их хохирол амсаж буй нь агаарын тээврийн салбар. Ийнхүү зорчигч тээвэр буурсны улмаас энэ онд агаарын тээврийн салбар 113-400 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг IATA тооцоолжээ. Одоо бол агаарын тээврийн аль ч компани орлого, ашгийн тухай бодохоосоо илүүтэй хэрхэн яаж тэсч үлдэх вэ гэдгээ л бодож байгаа нь нууц биш.
Манай урд хөрш болох Хятад улсын хувьд эхний гуравт жагсдаг “Air China”, “China Southern Airlines” болон “China Eastern Airlines” гэх авиа компаниуд коронавирусийн дэгдэлт эрчимжиж эхэлснээс хойш дунджаар 7.5-9.5 тэрбум юанийн алдагдал хүлээсэн байж болзошгүй талаар ажиглагчид онцолсон билээ.
Хямрал 2021, 2022 он хүртэл үргэлжлэх судалгаа гарч байгаа энэ үед манай улсын хувьд ч агаарын тээврийн салбар хүнд цохилтод ороод байна. Зөвхөн иргэдийг татан авах онцгой үүргийн нислэгээс өөрөөр олон улсын хуваарьт нислэгүүд бүрэн зогссон. Ямар ч орлогогүй мөртлөө агаарын хөлгийн түрээс, ажилчдын цалин зэргээр тогтмол зардал гардаг байна. МИАТ компанийн хувьд 700 гаруй ажилтнаас 100 гаруйг нь амраасан аж.
Статистикээс харахад 2020 оны эхний хоёр сард агаарын тээврээр 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22.7%) тонноор буурсан үзүүлэлттэй байна. Мөн агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны хоёрдугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6%) тонноор буурчээ. Тоон мэдээллээс харахад эхний гурван сарын байдлаар орон нутагт 340-360 мянган зорчигч тээвэрлэдэг байсан бол энэ жил 130 мянган иргэнд үйлчилсэн байна. Үүний 80 гаруй мянга нь нэгдүгээр сард байсан бол гуравдугаар сард 6000 хүн тээвэрлэсэн байх жишээтэй. Үүнээс харвал зөвхөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд л гэхэд 600 гаруй нислэг цуцлагдаж, төсвийн орлого 80 тэрбумаар буурах тооцоолол гарчээ. Түүнчлэн гол орлогоо бүрдүүлдэг дамжин өнгөрөх нислэг 55-60 хувиар буурах төлөвтэй байгаа аж.
Олон улсын агаарын тээврийн холбооноос агаарын тээвэрлэгчид болон улс орнуудын Засгийн газарт зөвлөмж өгч гурван төрлийн дэмжлэг яаралтай үзүүлэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэхийг сануулжээ. Үүнд нэгдүгээрт, шууд хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, банкны хөнгөлөлттэй зээлд хамруулж бонд гаргахыг зөвшөөрөх. Харин гуравдугаарт, дотоодын татвар хураамжаас чөлөөлж, хойшлуулах санаачлагыг гаргаад байгаа юм. Манай улс ч үүнийг хэрэгжүүлж даруй арга хэмжээ авахгүй бол агаарын тээврийн салбар “амьсгалахгүй” болох цаг ойрхон байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ