Д.Нямхүү: Халдвар авсан хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй байх хэрэгтэй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "ОХУ-аас ирсэн оюутнуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая 37 оюутны шинжилгээний хариу эерэг буюу халдвартай нь тогтоогдсон. Нийт 55 оюутан коронавирусийн халдвартай нь тогтоогдсон байна. ХӨСҮТ-д одоогийн байдлаар 83 халдвартай иргэнийг эмчилж байна. Бидний хувьд 250 ор бэлтгэсэн бөгөөд дараагийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудаас татаж авч, хяналтад авна. Цаашид ч голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга байхгүй.
Гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар эм, тариа, оношлуур, байр сав, хувийн хамгаалах хэрэгсэл хангалттай бэлтгэгдсэн. Өнгөрсөн таван сарын хугацаанд бид хангалттай хамгаалж чадсан, цаашид нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээгээ аваад явна. Батлагдсан тохиолдлуудын хувьд бүгд хяналтад байгаа учраас халдвар авсан хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй байх, сэтгэл санааг нь өргөж, маш сайн дэмжих нь тэдний эмчилгээнд өгөх маш том дэмжлэг юм шүү. Ялангуяа энэ ОХУ-аас ирсэн халдвартай тогтоогдсон хүмүүсийн хувьд ихэнх нь оюутан, залуучууд байгаа бөгөөд хөнгөн хэлбэрт байгаа учраас хурдан эмчилж, хяналтаа алдахгүй байх нь чухал" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ