С.Диордица: Цар тахлын эрсдэл буураагүй учир сэтгэл амрах болоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч С.Диордица коронавирусын талаар мэдээлэл хийлээ.
2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн вирус илэрсэн цагаас эхлэн Эрүүл мэндийн яам мэдээлэл өгч ажилласан төдийгүй Улсын онцгой комиссоос сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоож, олон улсын нислэгүүдээ зогсоосон нь халдварын эсрэг авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ болсныг тэрбээр онцоллоо.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица "Халдварыг зогсоохын тулд Засгийн газар, ЭМЯ-ны мэдээллийг ард иргэд дагах нь зүйтэй. Урт хугацааны хөл хорио нь иргэдийн сэтгэл зүйн байдалд нөлөөлнө гэдгийг ч бид ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар, олон улсын байгууллагуудын ажлыг үгүйсгэж буй худал мэдээлэлд хариу өгөхөөр би энд ирсэн.
Бидний дархлааны тогтолцоо эрүүл мэндийг хамгаалж, халдвараас сэргийлдэг. Бидний судалгаагаар коронавирус тусаад эдгэсэн хүн дахин тусаж байна. Удахгүй зун болж хүмүүс амарч зугаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ цар тахлын эрсдэл буураагүй тул бид сэтгэл амрах болоогүй. Хүн бүр гараа савандаж угаах, ханиаж найтаахдаа амаа таглаж, дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, олон нийтийн газарт зай барьж явахыг уриалж байна. Ингэснээр халдварын орчинд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд иргэдийн зүгээс өгч буй дэмжлэг болно" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ