Д.Нямхүү: Өчигдөр 381 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 20-22 настай байгаа. 

Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа. ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа.  Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан тав иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, мөн тугсаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй.
  • ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 132 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэлээ.


Түүнчлэн тэрбээр "өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй хүний шинжилгээг яаралтай хийнэ"  гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ