Монгол, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын ажлын хэсгийн цахим уулзалт өчигдөр болжээ.
Талууд Монгол, Казахстаны ЗГХК-ын хуралдааны Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд, нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд цуврал цахим уулзалтуудыг холбогдох салбар яамд хооронд зохион байгуулахаар тохирчээ.
Хоёр улсын худалдааны өсөлтийг дэмжих зорилгоор Казахстаны талаас манай улсад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний жагсаалтыг тодорхой саналуудын хамт ирүүлэхээр болжээ. Түүнчлэн талууд ойрын үед Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2021-2024 онд эрчимжүүлэх замын зураглал байгуулахаар тохиролцсон байна.
Цахим хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Казахстаны талаас Худалдаа, интеграцийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал К.К.Олжабаев нар ахалжээ. Хуралдаанд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Элчин сайд Л.Баттулга, БНКазУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаев, мөн “Эрдэнэс алт” компани зэрэг холбогдох байгууллагуудаас төлөөлөл оролцсон байна.
Монгол, Казахстаны ЗГХК-ын хуралдааныг дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохирсон байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон. Хуралдааныг цар тахал намжиж, үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжихоор зохион байгуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ