Батлагдсан тохиолдол 135-д хүрч, парламент завсарласан 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улс төрд
С.Баяр: Бид улсад чухам ямар хохирол учруулсан гэдгийг ил болго
Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон тухайн үеийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ долоо хоногийн эхэнд болсон. Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр “Биднийг чухам ямар хэргээр яллаад байгаа, ямар гэмт хэрэг хийсэн, улсад ямар хохирол учруулсан юм гэдгийг ил болгох ёстой. Гэтэл хохирогчгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учруулсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилох ёстой” гэв.
“Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшиж байна” гэв
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Банк, уул уурхайн компаниуд болон МАНАН бүлэглэлийг тойрсон хууль бус үйлдлүүд үнэхээр бодитой гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах болсон сүүлийн нэг жилийн хугацаанд сайн ойлгож авлаа. Удахгүй сонгууль болно. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшиж байна. Тэр хүмүүс ард түмнээр дэмжүүлж, ард түмнээр хайрлуулах нь шударга бус явдал” гэв.
УИХ-ын гишүүн С.Жавхлан "Ардчилсан Нам"-ын гишүүн болов
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн С.Жавхланг Ардчилсан Намд гишүүнээр элсэж байгааг тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Батламжаа гардан авсан АН-ын гишүүн С.Жавхлан " Их Эзэн Чингис хааныхаа өлмий дор хуралддаг, хар цагаан сүлдээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр би нэмэгдлээ. Ес дэхь гишүүн болж бүтэн болгож байгаа энэ үйл явдалд туйлын их баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд ганцаараа дуу хоолой маань хүрдэггүй, өөрийн үзэл санааг Монголын өргөн уудам талаар хүргэх вэ гэдэг хүсэл санаа маань хэдий хичээж, өндөр хэмжээнд өөрийгөө дайчилсан боловч санасан хэмжээнд маань хүрсэнгүй. Гэхдээ би алгуурлаж, хойш сууж, үзэл санаанаасаа ухраагүй” гэлээ.
УИХ-ын чуулган завсарлав
Мөн өнгөрөгч долоо хоногт болсон нэг чухал үйл явдал бол 2016-2020 оны парламентын отгон чуулган болсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж батлав. Энэ удаагийн Улсын Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа” гэж тодорхойлов.
Нийгэмд
Коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо 135-д хүрэв
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн мэдээллийг хүргэдэг ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь 25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 20-22 настай байгаа.
Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа. ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй” гэв.
Харин бямба гарагийн ээлжит мэдээллээр ОХУ-аас ирсэн 37 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 135-д хүрэв.
Дэлхийд
ДЭМБ: Коронавиурс хэзээ ч устахгүй байж магадгүй
Шинэ төрлийн коронавирус өвчин нь ДОХ шиг бүрэн устдаггүй өвчин болж хүмүүсийн дунд үлдэх магадлалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхааруулжээ. Женевт болсон онлайн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын шуурхай хөтөлбөрийн захирал Майк Райан “Бидний хувьд бодит байдалтай эвлэрэх нь чухал гэж би бодож байна. Одоогоор хэн ч энэ өвчнийг хэзээ устаж арилах талаар хэлж чадахгүй байна” гэж мэдэгдсэн байна. Коронавирусийн эсрэг вакцин гарсан ч өвчин бүрэн устахгүй, харин хүн төрөлхтөн Covid-19-ийг хяналтдаа оруулж чадна гэж тэр дүгнэжээ.
ОХУ-д хязгаарлалтыг үе шаттай цуцална
“ Амрах өдрүүдийн хугацаа дуусч байна" гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Гэхдээ коронавирусийн эсрэг тэмцэл дуусаагүй. Хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар, тодорхой бүс нутаг бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан цуцална. Ингэхдээ иргэд болон бизнесийг дэмжих өргөн цараатай шинэ багц арга хэмжээг санал болгожээ.
“Улс орны хэмжээнд олныг хамарсан аливаа арга хэмжээг одоогоор явуулахгүй нь мэдээж. Бүх хүн эрүүл ахуйн дүрэм журмыг чанд биелүүлэх хэрэгтэй. Энэ нь байгууллага, үйлдвэр, дэлгүүр хоршоо, үйлчилгээний салбар, тээврийн ажилд хамаатай юм” гэж Оросын ерөнхийлөгч мэдэгджээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ