Олдохгүй байсан "Covid"-ийг Оросоос импортлосоор байх уу?

Манай улс тавхан сарын өмнө коронавирус “гайг” мэдэх ч үгүй амар тайван байлаа. Гэтэл “Март 8дөнгөж өнгөрөхтэй зэрэгцээд коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ тоо 136-д хүрчихсэн, цаашдаа хэд болж өсөхийг ч таамаглахын аргагүй сууж байна.


Одоогоор Монгол Улсд бүртгэгдсэн 136 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн. Бүр тодруулбал, Covid-19 батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд байна.


Тухайлбал,

·         Улсын Онцгой комиссын /УОК/ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр ОХУ-аас 280 орчим оюутан болон иргэдийг Алтанбулаг боомтоор татан авсан. Эдгээрээс эрсдэлтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 32 оюутны 21-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн.

·         Тавдугаар сарын 14-нд Улаан-Үд орчмоос 220 оюутан, тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос  200  орчим оюутан болон иргэдийг Алтанбулаг боомтоор татаж авсан. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдийн  57-оос нь халдвар илрээд байна.


Цаашид ч ОХУ-д байгаа 1000 гаруй оюутныг шат дараатай  татан авах асуудал  яригдаж буй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн 30 гаруй орон руу 13 удаагийн нислэг үйлдэж 8744 иргэнээ эх орондоо авчирчээ. Ингээд харахад цаашид тусгаарлах байр, эмч нарын нөөц бололцоо гээд олон асуудал урган гарч байна. Тусгаарлах байрны нөөц боломж нь хязгаарлагдмал, хүрэлцэхгүй шахам ийм нөхцөлд муугаар бодоход халдварыг дотроосоо алдах ч аюултай.  Зөвхөн тусгаарлах байрны асуудал ч биш цаг наргүй ажиллаж буй эмч нарын ачаалал ч дийлэхгүйд хүрч, халдвар “гадагш алдахаюулд орж мэднэ.


Гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л хүн бүрийг түгшээж байна.  


УОК-оос анх тусгай үүргийн онгоцуудыг нисгэж эхлэхдээ “нэн шаардлагатай буюу хүндэтгэх шалтгаантай иргэдээ татан авна” гэж мэдээлсэн. Хамгийн түрүүнд гадны улс руу эмчилгээ оношлогоо хийлгэхээр түр хугацаагаар зорчсон өвчтэй хүмүүсээ, дараа нь хичээл сургууль нь цуцлагдсаны улмаас оюутны байрнаасаа гарсан хүүхдүүдээ татаж авна гэсэн. Харин сүүлийн үед тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа зорилго, зориулалт нь өөрчлөгдөөд байх шиг.


Угтаа хэн гэгч дарга, улстөрчийн гэр бүл, эхнэр хүүхэд ирэх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр тоолонгоор халдварын тохиолдол нэмэгдэж, хорио цээрийн дэглэм чангарч, монголчууд ажил, орлогогүй болж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал шавхагдаж, эмч мэргэжилтнүүд нь хүрэлцэхгүйд хүрч мэднэ. Үүнд л санаа зовж байна.   


М.Баясгалан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ