"Чингис хаан" банкны харилцагч нар Монголбанканд шаардлага хүргүүлэв

"Чингис хаан" банкны харилцагч, хохирогчдын холбооноос өнөөдөр Монголбанканд шаардлага хүргүүллээ.


Тодруулбал, "Чингис хаан" банк 2019 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч, аж ахуйн нэгж, иргэдийг хохироож байхад Монголбанкнаас дорвитой арга хэмжээ аваагүй тул тус банканд яаралтай арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлж байгаа гэж тэд онцлов. 


"Чингис хаан" банкны хадгаламж эзэмшигч Г.Пүрэвдорж "Энэ банк 2019 оны нэгдүгээр улиралд төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тайлагнасныг Монголбанкнаас зөвшөөрч цахим хуудаст байршуулсан учир харилцагчид энэ тайланд итгэж мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банкинд байршуулсан. Энэ нь харилцагчид болон харилцах хохирох үндэс болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хяналтын үйл ажиллагаа муу байснаас худлаа тайлан гарсан бөгөөд энэ нь Монголбанк есдүгээр сард тус банканд хянан шалгагчийг ажиллуулж эхэлснээр нотлогдсон.


Мөн тус банк 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаар алдагдалтай ажилласан. Гэх мэтээр алдагдалтай ажилласан банкинд арга хэмжээ авч, харилцагчдыг хамгаалах зүйлийг Монголбанк хийсэнгүй. Тэгэхээр өөр ашиг сонирхол байна уу гэж харахад хүргэж байна. "Чингис хаан" банкны гүйлгээ зургаан сарын турш саатаж байна.


Манай холбоонд одоогийн байдлаар 45 гишүүн бүртгэлтэй байна. Эдгээр гишүүдийн авч чадахгүй байгаа мөнгө нь 11 тэрбум төгрөг юм. Үүнээс гадна холбоонд бүртгүүлж амжаагүй олон хүн бий. Тэднийг хэр их хэмжээний мөнгөөр хохирч байгааг мэдэхгүй” гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ