Харшил бол хамгийн "хэцүү" өвчин

Монголчууд эртнээсээ урин цагийг ирж яваа сайхан цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсонгоо амарч тухлахыг хүн бүр хүсдэг. Гэвч харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс хавар, зуны дэлгэр цагт илүү их “зовдог”.


Хамар битүүрч, нус, нулимстайгаа холилдох нь юу ч биш. Зарим хүн ханиалгаж, бие загатнаж нойргүй хонох нь энүүхэнд боллоо гэж халаглаж эхэлдэг. Харшлын гаралтай өвчнөөр шаналж яваа хүмүүсийн 24-30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байдаг аж.


Арьс өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр модлог, ургамлын тоосонцрын харшил идэвхжиж, эмнэлэгт хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон гэнэ. Тус эмнэлэгт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар амбулаториор 22.378  хүн үйлчлүүлсэн байна. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Монголчуудын хувьд насанд хүрэгчдийн 40, хүүхдүүдийн 30 орчим хувь нь ямар нэгэн байдлаар харшлын эмгэгтэй байгаа ажээ.


Хэрвээ аав, ээж хоёр хоёул ижил төрлийн харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 80 хувьтай байдаг аж. Харшлын эмчилгээнд АНУ жил бүр 16 тэрбум ам.доллар, Их Британи 900 сая евро тус тус зарцуулдаг байна. Харин манай улсад хэдэн төгрөг зарцуулдаг нь тодорхой бус. Яг үнэндээ төр засаг харшилд анхаарал хандуулдаггүй.  


Гэтэл гадны өндөр хөгжилтэй орнууд бодлогоор харшилтай тэмцдэгийг дээрх хоёр гүрний мөнгөн дүн харуулж буй юм. Түүгээр ч зогсохгүй Хятадууд харшлыг орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар эмчилдэг болохын тулд таван жилийн хугацаанд багагүй хөрөнгө зарцуулсан нь өнгөрсөн жилээс үр дүнгээ өгч эхэлжээ. Ийнхүү тэд 2025 он гэхэд харшлыг бүрэн дарна гэсэн зорилттой ажиллаж байгаа гэнэ. Харин бид намрын намарт бээлийтэй гараар, эсвэл хүрзээр, тармуураар шарилж зулгаахаас өөрөөр авч байгаа арга хэмжээ байхгүй. 


Тиймээс иргэд өөрсдөдөө анхаарал хандуулж, аль ч цаг үед дархлаагаа дээд зэргээр дэмжих нь харшлаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. 

 
ХАРШЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ТАВАН ХҮНС


Харшлын үед дархлаа дэмжих бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь харшлаас сэргийлэх төдийгүй эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд харшлыг эмчилдэг, 100 хувь эергээр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд батлаагүй ч уг бүтээгдэхүүнүүдэд агуулагдах харшлын эсрэг бодис нь ямар нэгэн байдлаар ач тусаа өгнө хэмээх судалгаанууд олон байна.


Сонгино, перец:  Кверцетин гэх бодис агуулдаг ба энэ нь гистамины биед үйлчлэх нөлөөллийг бууруулдаг
Киви: Витамин С-ээр баялаг тул цусан дахь гистамины хэмжээг бууруулна. Мөн та витамин С агуулсан тарвас, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимснүүдийг хэрэглэж болно.
Броколли: Байгалийн антигистамин. Таны харшлын шинж тэмдгийг илааршуулахад тустай.
Тараг: Тараг нь пробиотикоор баялаг бүтээгдэхүүн юм. Судлаачид нарийн гэдсэнд агуулагдах байгалийн пробиотик нь харшлын шинж тэмдгүүдийг бууруулахад тустай хэмээн үзэж байна.
Гадил жимс: Магнезмаар баялаг тул гуурсан хоолой тэлж гистамины эсрэг нөлөө үзүүлнэ.
Урьдчилан сэргийлэх арга Дархлаагаа сайжруулах Өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
Ургамал цэцэглэх үеэр салхивчаа онгойлгохгүй байх (04-11, 17-20 цагууд)


Жич: Дээрх бүтээгдэхүүнүүдээс харшилдаг бол хэрэглэх хэрэггүй
Урьдчилан сэргийлэх арга:  Дархлаагаа сайжруулах, өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх


Анагаахын мэргэжилтнүүд одоог хүртэл харшлыг 100 хувь эдгээх төгс эмчилгээг олоогүй ч тогтвортой эмчилгээ хийлгэвэл харшлын шинж тэмдгийг 10-15 жилийн хугацаанд дарах чадвартай байна. Та өөрийн харшилтай эсэхийг мэдэх, эсвэл харшлын оношоо баталгаажуулах хүсэлтэй бол эмнэлэгт хандан харшлын сорил тавиулах, эмчилгээ хийлгэж эхлэх нь хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас өөрийгөө хамгаалахад туслах юм.



Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ