Ч.Содномцэрэн: Сонгогчдын боловсрол харьцангуй байна

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзах үеэрээ энэ удаагийн сонгуульд сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Уулзалтаар Майкл Клечески цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай, санал өгөх шат дамжлага ямар байх, сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, гадаадад байгаа иргэд саналаа өгөх эсэх, тусгаарлагдсан сонгогчид хэрхэн саналаа өгөх, сонгуулийн ирц хүрэх эсэх, гадаадын ажиглагчид хэрхэн оролцох талаар лавласан байна.
Үүний хариуд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд орсон. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан.
Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Харин зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага хариуцлага тооцож ажиллана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Хуулийн дагуу хэрвээ санал хураалтын ирц 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойргийн тухайн хэсгүүд дээр нь нэмэлт санал хураалт явуулдаг журамтай.
Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нарын хувьд гадаад улсын иргэд ирэх боломжгүй болсон учраас манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа. Ажиглахыг хүссэн гадаадын ажиглагчид манай Хороонд хүсэлтээ гаргах боломжтой. Сонгогчдын боловсролын хувьд харьцангүй байна. Бид энэ тал дээр цаашид Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна" гэв.
Майкл Клечески сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх саналыг хүлээн авч буйгаа илэрхийлээд АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ирэх 10 дугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэх бөгөөд хамтран ажиллах болно гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ