"Багш, эмч нарын цалинг 1000 ам.долларт хүргэх зорилготой"

Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхээр МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, "Монголоо шинэчилье" клуб хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилга нь дунд хугацаанд /6-8 жилд/ Монгол Улсын нийт эдийн засгийг тэлж ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, улсын дундаж цалинг /багш, эмч, төрийн албан хаагч нарын/ 1000 ам.долларт тус тус хүргэх зорилготой аж.
"Монголоо шинэчилье" клубийг санаачлагч Д.Ганхуяг “Зорилгогүй бол дороо хий эргэхээс цаашгүй. Зорилготой бол илүү хурдтай явж чадна. Иймээс энэ дөрвөн байгууллага нэгдэн анх удаа Монгол Улсын хөгжлийг тоон зорилготой болгож байгаа нь өөрөө онцлог. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.доллар нь дэлхийн дундаж тул эдгээр тоон зорилтыг тавьсан.
2019 оны байдлаар Монгол Улсын нийт эдийн засаг ДНБ-ээр 13.7 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 4,200 ам.доллар, үүний 10 хувь нь буюу 400 ам.доллар нь улсын дундаж цалин //багш, эмч, төрийн албан хаагчдын цалин/ байгаа юм.
Монголоо шинэчилье клубээс сүүлийн хоёр жилийн хугацаанд монгол орны өмнөх арван жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бөгөөд өнөөгийн хөгжилтэй, томоохон эдийн засагтай орнуудын хөгжлийн туршлагыг судалсан. Иймд хийсэн судалгаанууддаа үндэслэн монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилгыг дэвшүүлсэн" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ