Харьд буй Монголчуудаа "хаях" нь зөв гэж үү?

Монголчууд бид дэлхийн 30 гаруй орноос эх орондоо ирэх хүсэлтэй 10836 иргэнээс нийт 8744 иргэнээ татан авчирлаа. Улсын онцгой комиссоос иргэдээ тусгай үүргийн нислэг болон галт тэрэг, автобусаар тээвэрлэсээр байна. Гэхдээ үлдсэн хэдэн Монголчууд маань эх орныхоо зүг нүдээ ширгэтэл харсаар буй. Европын улсуудаас 2700 гаруй, Азиас 5100, Австралиас 1176, Америк тивээс 1700 гаруй иргэн эх орондоо ирэх арга зам хайж, Монгол Улсыг агаарын хилээ нээж, дамжин нислэгээр харих боломж олгохыг хүлээж буй. Гэвч халдварын эрсдэл өндөр, гаднаас авчирсан иргэдээс коронавирус илэрсээр байгаа тул хамгаалалт, халдваргүйтлийн өндөр дэглэм дор Монголын Засгийн газраас зохион байгуулсан нислэгээр ирэхийг илүүд үзэж байна.
Гэвч бид хамгийн сүүлд ОХУ-аас иргэдээ авчрахдаа ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг зөрчиж, олон алдаа гаргаснаас замдаа халдвар авсан гэх иргэдийн гомдол, шүүмжлэлд дарагдаад буй. Уг нь Эрүүл мэндийн яам “Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж” -ийг боловсруулж гаргасан юм билээ. Тус зөвлөмжид зорчигчдын амны хаалтыг хоёр цаг тутамд солих нөөцтэй байлгах, биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх, бөөгнөрөл үүсгэхгүйгээр 1-1.5 метрийн зайтай суулгахыг зааварласан.
Мөн хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах, гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэж, албан шалгалтыг шуурхай явуулна гэжээ. Галт тэрэгний купе, коридорт хоёр цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн, цонх нээж агаар сэлгэх тухай ч онцгойлон тусгасан. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулан, тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэнэ гэсэн байв. Гэвч цаасан дээр буусан энэ дүрэм газар дээрээ мөрдөгдөхгүй байгаа бололтой.
Иргэдийн хэлж буй шиг халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж чадахгүй байгаа бол цаашдаа ирэх иргэд хэдэн зуугаараа өвчлөх эрсдэл өндөр байгааг холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр гэхэд ОХУ-аас дахин иргэдээ авчрах гэж байна. Дараагийн ирэх иргэдийг тээвэрлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх шаардлага Хилийн мэргэжлийн хяналтын алба, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийнхэнд тулгарлаа. Онгоцоор ирж буй хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд мөрдүүлж буй шигээ газраар ирж байгаа иргэдэдээ ч адилхан хандмаар байна.
Эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж зүгээр байсан хүмүүс өвчилсөөр байна. Гадаадад гацсан монголчуудын хувьд одоо ажилгүй, сургуульгүй, орох оронгүй, идэх хоолгүй, нүүрээ хийх газаргүй, гадуурхагдан шахагдаж байгаа шүү дээ.
Иймд Монгол Улсын төр засаг нь иргэнээ айлын аав шиг харж хандддаг гэдгийг харуулах хэрэгтэй. Амаргүй ч хийх ёстой ажил мөн.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ