У.Хүрэлсүх: Улсын онцгой комисс хүн бүрт таалагдах шийдвэр гаргахгүй

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг хэлэлцэж байна.


Тус хурлын эхний хэсэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгч, үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.


Тэрбээр "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарыг чадавхижуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.


Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна. 


Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өнлөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна. 


Халдвар тархсан тохиолдолд иргэд, ААН-үүд бэлэн байх ёстой. Дадлага сургуулилалтууд хийгдлээ. Аймаг орон нутгуудад үе шаттайгаар сургуулилалт зохион байгуулах шаардлагатай. Сургуулилтын үеэр иргэдийн сэтгэл зүйн байдлыг харлаа. Зарим иргэд нэг өдрийн хөл хорионы үед мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдол гарсан. 


УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох хэрэгтэй. 


Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна. Мөн иргэд Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн бүрт таалагдах шийдвэр гаргана гэж байхгүй. Бид хэзээ амар тайван амьдрах вэ гэвэл COVID-19-ийг эдгээх вакцин гарсан цагт бид амар амгалан амьдарч чадна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ