Хувийн сургуулиуд "хувиа хичээсээр" л байх уу?

Манай улсад өнөөдрийн байдлаар 158 хувийн бага дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сургуульд 40 мянган сурагч суралцаж байгаа юм. Хувийн сургуулиуд тэр дундаа бага, дунд боловсрол олгодог сургуулиуд нь өндөр төлбөртэй байдаг. 2019-2020 оны хичээлийн жилд хувийн сургуулиуд 2-70 хүртэлх сая төгрөгийн төлбөр тогтоосон аж. Тэдгээр сургууль гадаадын, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг, гүнзгийрүүлсэн сургалттай, лаборатори, мөн суралцах орчин, нөхцөлийг хангасан, гадаад багш заадаг, эсэхээс шалтгаалж сургалтын төлбөрөө тогтоосон гэж тайлбарладаг.
"Covid-19"-ийн халдвартай холбоотойгоор сургуулиудын үйл ажиллагааг хааж, хичээлийг телевизээр явуулах болсон. Үүнтэй холбоотойгоор сургалтын төлбөрөө нэгэнт төлсөн эцэг, эхчүүд дараагийн жилд төлбөрийг шилжүүлэх хүсэлтэй байгаа юм. Гэтэл телевизийн хичээл нь хувийн бага, дунд сургуулийн хөтөлбөрөөс хоцрох тохиолдол гарч байгаа учраас сурагчидтайгаа цахимаар тулж ажиллах хэрэгтэй болж, энгийн үетэй адил ачаалалтай ажиллаж байна, тиймээс төлбөрөө буцаах боломжгүй гэж “гэдийж” буй.
Хувийн сургуулиудын хичээл, сургалтын нөхцөл байдал, төлбөр буцаахтай холбоотой асуудлыг БСШУСЯ-наас тодруулахад “Энэ талаарх гомдол, санал манайд ирсэн. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй, холбогдох байгууллагууд судалж, асуудлыг зохицуулахаар ажиллаж байна” гэв. Ерөнхийдөө хувийн сургуулиудын хувьд үүссэн нэг асуудал нь төлбөрөө уян нөхцөлөөр авдаг учир бүрэн төлөөгүй, төлөхгүй байгаагаас үүдэн, урсгал зардлаа нөхөж, ажилтнуудынхаа цалинг олгож чадахгүйд хүрсэн гэж буй. Мөн эдгээр сургуулиуд барилгынхаа дулааныг зогсоож, цахилгаанаа салгах боломжгүй. Мөн багш, ажилчдаа цомхотгохгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой учир бизнесийн байгууллага шиг хөнгөлөлт үзүүлэх боломжгүй хэмээн тайлбарлаж байна.
Гэхдээ л танхимын сургалт тасалдсантай холбоотойгоор зарим сургуулийн эцэг, эхчүүд зайны сургалт хангалтгүй байна гэх гомдол гаргаж байгаа. Асуудал зөвхөн энд л байгаа юм. Эцэг эхчүүд хичээл орохгүй байж төлбөр авлаа гээд бухимдаад байна. Харин яамнаас сургуулиудад давхар хичээл орохгүй байгаа бол төлбөр авахгүй байхыг “хүссэн”. Харин цахим хичээл орж байгаа бол эцэг эхчүүдийн хүсэл сонирхолд нийцсэн, чанартай боловсрол олгохыг хүсэж байгаа. Үүнээс харахад салбарынх нь яам хувийн гэх тодотголтой сургуулиудаас “хүсэх”-ээс өөр хариуцлага тооцож чадахгүй юм байна. Тэгэхээр хувийн сургуулиуд хичээлээ орохгүй байсан ч төлбөрөө нэхэмжлэх эсэх нь өөрсдийнх нь дур ажээ. Иймд танхимын хичээл орохгүй байгаа энэ үед улсаас хувийн сургуулиудад хувьсах зардал олгодгыг “болиулсан нь болж” гэмээр.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ