"Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших газарт үүссэн усан толионд өчигдөр /2020.05.27/ 18:00 цагийн орчимд 11-15 насны дөрвөн хүүхэд энддсэн тун харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очин ажилласан.
Маршалын гүүрний зүүн талд байрлах “Хан талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн. Тус газарт 11-15 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа живж амь насаа алдсан нь тогтоогдсон. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан гэх мэдээлэл ирсэн. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ" гэв.
Урин дулаан цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ