Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал болно

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Прокуророос Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон.
Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм.
Улмаар хурал товлогдсон өдөр Х.Бат-Ялалтын нойр булчирхай өвдсөн гэх шалтгаанаар хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргаснаар хурлын товыг өнөөдрөөр тогтсон юм. Ийнхүү хоёр удаа хойшилсон хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.29/ 13.30 цагт болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ