М.Нургул: Хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалдаж байгаа

-Хамгийн энгийн жишээ гэвэл танд мэйл ирлээ гэж бодоход тухайн мэйл ямар агуулгатай байна вэ гэдгийг шалгана. Мэдээж таны мэдэхгүй хаягнаас ирнэ. Мэдэхгүй фэйсбүүкээс найзын хүсэлт, мэссэнжерт тань хүсэлт ирвэл бодит хаяг мөн үү, дундын найз байна уу гэх мэтээр эх сурвалжаа сайн шалгах хэрэгтэй. Мөн хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалддаг. Доорх линк дээр дарснаар идэвхижнэ, бүртгэгдэнэ. Уг линкний өргөтгөлийг анзаарах хэрэгтэй.
Жишээ нь бид ихэнхдээ www гэж хайдаг. Та анзаарсан бол урьд талд нь https:// гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин луйвар хийдэг хаяг өргөтгөлөөс “S” үсгийг авсан буюу http:// гэж бичигдсэн байдаг. Ганц үсэг дээр тоглолт хийнэ гэсэн үг. Иймэрхүү нарийн зүйлийг хүн тэр болгон анзаарахгүй. Эхний гурван үсгээ хараад тэгээд цаашаа шалгаад байдаггүй. Мөн таны харилцдаг банкнаас, эсвэл санхүүгийн байгууллагаас мэйл ирэхэд өргөтгөл нь баталгаатай эсэхийг харж хэвшээрэй. Мөн тухайн банкны нэр нь com, mn зэрэг улс орнуудаас шалтгаалж өөр өөрөөр бичигддэг. Солонгос бол kr, Оросынх ru гэх мэт. Тэгэхээр өргөтгөл хэсэг чухал гэдгийг давтаж хэлмээр байна. Шалгахаасаа төвөгшөөсөн нэг үйлдэл л таныг том эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ер нь бол шалгах маш амархан. Тухайн байгууллага, банкны сайт руу орох, лавлах утасруу нь залгаад л болоо шүү дээ гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ