Батлагдсан тохиолдол 193-д хүрч бас сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улстөрд
Н.Энхбаяр: Энэ удаад МАНАН намайг нэр дэвшүүлсэнгүй
Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болсон нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ долоо хоногийн эхэнд гардуулсан юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус шийдвэрийг шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдөр болно. Энэ шүүх хурлаар бид сонгох, сонгогдох эрхээ нээлгэнэ. Энэ байгууллага 2012 онд намайг боловсролгүй гээд дэвшүүлээгүй, 2016 онд хүмүүжилгүй гээд дэвшүүлээгүй. Харин энэ удаад МАНАН намайг дэвшүүлсэнгүй" гэв.
Д.Амарбаясгалан: 2020 оны сонгуулийг шударга болоосой гэж бодож байна
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг /2020.06.02/ гардуулсан. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Зургаадугаар сарын 2-ноос УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН хуулийг ягштал биелүүлж, нэр дэвшигчдийнхээ сонгон шалгаруулалт, нэр дэвшигчдийнхээ баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж өгсөн. УИХ-ын 2020 оны сонгуулийг шударга болоосой гэж бодож байна. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон түмний оролцоо чухал гэдэг үүднээс МАН сонгуулийн уриагаа Хүчээ нэгтгэе гэж өгсөн" гэлээ.
С.Эрдэнэ: Ард түмнээ ядууруулж, өр нэмсэн эрх баригчидтай хариуцлага тооцно
Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ батламжилж, 29 тойрогт 76 нэр дэвшигч сойсон. Нэр дэвшигчдээ батламжлахын өмнө Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй, Монгол өрх бүрт нь өсөлт бий болж, хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, хар жагсаалтад оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцож чадна гэдэгт бид итгэж байна” гэв.
Нийгэмд
Коронавирусийн халдвартай хүний тоо 193-д хүрэв
Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 5-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 715 хүнд шинжилгээ хийхэд 710 хүнд коронавирус илрээгүй. Коронавирус илэрсэн таван хүний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. Ингээд батлагдсан тохиолдлын тоо 193 боллоо. Шинээр хоёр хүн эдгэрч дараагийн тусгаарлалтад шилжсэн байгаа" гэв.
“Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэв
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ жил зургаадугаар 5-нд тохиолоо. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Бурхан багшийн Их дүйчин өдөр” бүх нийтээр амрахаар хуульчилсан нь энэ жилээс хэрэгжиж байна. Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчэн өдрөөс онцлогтой юм. Энэхүү өдөр нь аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 5-ны өдөр тохиож байгаа бөгөөд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан доор явагдлаа.
Австрали, Филиппин улс руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов
УОК-ын Шуурхай Штабаас өчигдөр мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зогсолтгүй зохион байгуулсаар байна. Мөн бидэнд Австрали улс руу тусгай үүргийн нислэг хийх боломж гарлаа. Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. Энэхүү нислэгийг зарлахгүйгээр нууцаар хийх гэж байна гэх мэдээлэл гадуур байна. Тийм зүйл байхгүй юм шүү. Зргаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филиппин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна.
Ер нь 45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа ба тухайн улсад нөхцөл байдал ямар байгааг харгалзан цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. АНУ, Хойд Америкт 2000 гаруй, Азид 5500 гаруй, Европод байгаа манай улсын 2600 гаруй хүн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн, тоо шинэчлэгдэн өөрчлөгдөж байна” гэлээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ