“Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан” ашиглалтад орлоо

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа. 


Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа аж. УНТЭ-ээс эхлүүлсэн уг ажил амжилттай хэрэгжих нь бусад эмнэлгүүд дээр амжилттай хэрэгжихэд чухал нөлөө үзүүлэх юм.


Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан: 


“Улсын лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн хувьд хагас бие даасан байдал руу шилжиж буй нь анхны тохиолдол. Манай эмнэлэг энэ тогтолцоо руу шилжсэнээр томоохон хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсний нэг нь хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн санг улсын эмнэлгүүд дундаа анх удаа ажиллуулж эхэлж буй явдал юм.


Эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо манай хоёр талт буюу амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байгаа" гэв.


Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дундаж эмийн хэрэглээ 30 мянган төгрөг байна гэдгийг тооцоо гарсан байдаг.


ЭМДЕГ-аас журам гаргаж, үйлчлүүлэгчийн эмийн худалдан авалтын тогтоосон дундаж үнийн буюу 30 мянган төгрөгийн 40 хувийг ЭМД-аас, 60 хувийг нь иргэн төлөхөөр зохион байгуулалтыг хийж ард иргэддээ илүү хөнгөлөлттэй үнээр цаг алдалгүй эмээ авах боломжийг олгож буйг Т.Мөнхсайхан захирал тайлбарлав.


Өмнө нь энэ төрлийн эмийн сан нээгдээгүй байхад ард иргэд заавал дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ очиж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж, хөнгөлөлттэй авах, эсвэл 100 хувь мөнгөө төлөөд авдаг байсан бол одоо энэ төрлийн үйлчилгээ илүү иргэдэд ойртсон, санхүүгийн хувьд илүү дэмжлэгтэй болж байгаа аж.


Дээрх амбулаторийн эмийн сангийн дөрвөн цонхоор, УНТЭ-ийн нарийн мэргэжлийн найман эм зүйч иргэдэд үйлчлэх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ