"Беларусь, Франц улсын хөнгөлөлттэй зээлээр гал унтраах 71 машин нийлүүлнэ"

Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр "УИД-т гарсан галыг ОБЕГ-ын 230 албан хаагч, 27 автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан. Долоон иргэнийг угаартах болон бусад эрсдэлээс хамгаалж ажиллалаа. Цаашид байгууллага АНН-үүд өөрсдийн барилга, байгууламжид галын аюулаас урьдчилан сэргийлэх болон анхан шатны хэрэгсэлтэй байх шаардлагатай байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд гал гарсан үед ашиглах усны цооног буюу гидрантыг төв болон туслах замын дагуу хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.


Мөн хотын аль ч хэсэгт галын машин очиход ус зөөдөггүй, ус тасарнаас хүний амь нас, эд хөрөнгийг хохироодоггүй байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хотын төвд нисдэг тэрэг буух зогсоолыг бэлтгэх ажил хийгдэж байна. Энэ оны гуравдугаар улирлаас манай улсад онцгой үед ашиглах нисдэг тэрэг болон бусад техник хэрэгсэл нийлүүлж эхлэх юм.


Беларусь болон Франц улсын хөнгөлөлттэй зээлээр гал унтраах 71 машин нийлүүлнэ. Мөн төслийн хүрээнд нисэгчдийг бэлтгэх, Онцгой байдлын албаныхныг сургаж дадлагажуулах ажил энэ сараас хийгдэж байна. Нийслэлийн ногоон бүсэд эргүүл гарч байна. Иргэд аялж зугаалахдаа гал алдахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ сарын 2-7-ны хооронд 57 чиглэлд үүрэг гүйцэтгэн, 168 алба хаагч ажилласан. Нийт 61 зөрчил илрүүлэн, таслан зогсоосон" гэлээ.


  • Яармаг дахь нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг энэ сарын 15-наас ашиглалтад оруулна. 
  • Өнгөрсөн долоо хоногт Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. 2050 оныг хүртэлх МУ-ыг хөгжүүлэх "Алсын хараа" бодлогын баримт бичигт "Улаанбаатар ба дагуул хот"-ыг тусгасан. Энэ хүрээнд хотуудаа эдийн засгийн хувьд төрөлжүүлнэ.
  • Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Зургаан дэд төв байгуулах юм.
  • Уялдаа холбоогүй, эрээвэр хураавар, хашаа хороо, байгууламжийг цэгцэлж, эрсдэлгүй хот байгуулахыг зорьж байна.
  • Олон төрөлт ухаалаг болон газар доорх багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон тусгай замын өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй хот болгон хөгжүүлнэ. Автобусны парк шинэчлэл хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс хотын төвийн бүст сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. 
  • Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна.
  • Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна.
  • Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар "Хүний хөгжлийн индекс"-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно. Одоогоор тус үзүүлэлтээр нийслэл хот 92-р байранд орж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ