Онцгой байдлын алба хаагчдад “онцгой” анхааръя!

Түгшүүрийн дохиотой зэрэгцэн залуус гүйлдэн гарч ирлээ. Тэд зузаан цамцаа шүүрэн авч, бүсээ бүслээд, хамгаалалтын малгайгаа яаран сандран толгойдоо углаад машиндаа шаламгайлан сууцгаав. Тэр даруй галын машин дохиогоо хангинуулан замдаа гарлаа. Улсын их дэлгүүрийн зургаан давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу аврагчид үүргээ гүйцэтгэхээр гарсан юм. Тодруулбал, зургаадугаар сарын 7-ны өдөр УИД-т гарсан гал түймрийг унтраахаар амарч байсан алба хаагчид ч хүч нэмэн ажилласан юм. Ингэхдээ энгийн хувцастай галын бүсэд хүрэлцэн ирж албаны хувцсаа яаран өмсөж буй дүр зураг ч харагдаж байв.
Улсын Их дэлгүүрт гарсан галыг унтраахад ОБЕГ-ын найман ангийн 96 албан хаагч газар дээр нь очиж ажиллажээ. Таван цаг орчим ажиллаж унтраасан түймрээс авто механик шат ашиглан зургаан давхраас таван иргэнийг аварсан байна. Шинжээчдийн бүрэлдэхүүн галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ба дүгнэлт нь 14 хоногийн дараа гарах аж.
Азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй, аврагчид түргэн шуурхай ажилласан ч энэ үйл явдал нийслэл хотод маань тулгамдаад буй хэд, хэдэн асуудлыг харууллаа.
Аврагчдад хамгаалалтын хэрэгсэл дутмаг байна
Өндөр барилгууд гал гарсан тохиолдолд хамгаалах зориулалтын хэрэгсэлтэй байх ёстой.Аврагч, гал сөнөөгч хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хүчилтөрөгчийн баг байх ёстой боловч Онцгой байдлын алба үүгээр 100 хувь хангагдаагүй. Тиймээс хорт утаатай нөхцөлд багтай хүмүүс ажилласан аж.
Хорт хий, утаанаас хамгаалах баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмжийн хангалт 70 орчим хувьтай байгаа аж. Үүнээс харахад муугаар бодож өөр өндөр барилгад гал гарвал хамгаалах хэрэгслийн хангамж дутмагаас нэг бол хүн хүч дутуу ажиллаж эс бөгөөс аврагчид хамгаалалтгүй ажиллах шаардлага гарах нь.
Гал түймрээс үүдэлтэй гамшиг осол гарсан үед алба хаагчдын амарч байгаа эсэхийг үл хамааран ажиллуулдаг. Ингэж ажилласнаар нэмэлт урамшуулал огт олгодоггүй. ОБЕГ-ын алба хаагчид өдөр, шөнөгүй тасралтгүй ажилладаг ч урамшуулал авна гэсэн ойлголт байдаггүй хэмээн НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан хэлсэн юм.
Авто механик шат нийслэлд ердөө гуравхан ширхэг байдаг гэх..
Өндөр барилгад гарсан галыг унтраахад хамгийн түрүүнд шаардагдах зүйл бол нэгдүгээрт авто механик шат. Манай улсын хувьд авто механик шат нийслэлийн хэмжээнд гурван ширхэг байдаг бөгөөд 9 давхар хүртэлх давхарт хүрч ажиллах боломжтой. 12 давхар хүртэлх давхарт гарсан галд хүрэх боломжтой аж. Үүнээс өндөр барилгууд анх гарах Монгол Улсын хэмжээнд 50 метр хүртэлх урттай нэг шат Эрдэнэтэд байдаг аж. Улсын хэмжээнд гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байхгүй учраас өндөр барилгуудын стандарт, гал унтраах усан хангамжаа шийдсэн байх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Галын дохиолол, гал унтраагч, насос, усан хангамж гэх зэрэг иж бүрэн тоноглож, өөрийгөө аврах нөхцөлтэйгөөр баригддаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ