Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц 12.10 цагт хөөрнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу "МИАТ" компанийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.10/ 12.10 цагт "Нурсултан Назарбаев" онгоцны буудлаас хөөрөх юм байна.
Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 150-170 хүртэл иргэнээ татан авна. Тус нислэгт хамрагдсан иргэдийн бүртгэл энэ өдрийн 09.30 цагт эхлэх тул 09.00 цагт очсон байх бөгөөд нэг зорчигчид ногдох ачааны хэмжээ 23 кг, гар тээш таван кг-аас хэтрэхгүй байх бөгөөд илүү тээш авах боломжгүйг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулжээ.
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Бид ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөсөн. Анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм” гэдгийг хэлж байв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.
- Зургаадугаар сарын 08-нд Австрали,
- Зургаадугаар сарын 10-нд Казакстан,
- Зургаадугаар сарын 11-нд Токио,
- Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
- Зургаадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- Зургаадугаар сарын 18-нд Сөүл
- Зургаадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ