Сурагчдад үйлчлэх 200 шинэ автобусыг 6, 7, 8 дугаар сард авна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хотын захын хорооллын сурагчдыг тээвэрлэх сургуулийн автобусыг өнгөрсөн хичээлийн жилээс явуулж эхэлсэн.


Ирэх хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 шинэ автобус явуулах бөгөөд автобусыг зургаа, долоо, наймдугаар сард оруулж, есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулах юм байна.


Улаанбаатар хотын хэмжээнд улсын 224 дунд сургууль бий. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр болон автобусаар сургууль руугаа явдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эхний ээлжинд холоос сургуульдаа явдаг 15 мянган сурагчийг дээрх 200 шинэ автобусаар тээвэрлэх боломжтой гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас 2018 онд хийсэн байна.


Сурагчийн автобус өглөө, орой хоёр ээлжийн сурагчдыг гэр, сургуулийн хооронд тээвэрлэнэ. Захын хорооллын сурагчид гэрээсээ гараад ойролцоох төв зам дагуух тогтсон цэгт ирж унаандаа сууна. Энэ нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хүүхэд тээвэрлэх олон улсын евро-5 стандарт хангасан дизель хөдөлгүүрт автобус. Сургуулийн автобус явуулснаар Улаанбаатар хотын замын түгжрэл буурна.


Сурагчийн автобусыг хүүхдийн зуслан, төрөл бүрийн аяллын зориулалтаар хүүхэд тээвэрлэхэд давхар ашиглах юм” гэж Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ