Дэлхийн 30 гаруй улсын шүүгчид онлайнаар хуралдана

"Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /AACC/"-ийн дөрөвдүгээр онлайн Их хурлыг БН Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлөөс наймдугаар сарын 26, 27-ны өдөр зохион байгуулна.


Хуралд дэлхийн 30 гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн байгууллагууд түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Нийгэмлэгийн онлайн Их хурлаар хэлэлцэх асуудлын дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.


Мөн Европын Зөвлөлийн Венецийн комисс, тус байгууллагын Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн байгууллага, Олон улсын хуульчдын Холбоо, Үндсэн хуулийн хяналт тавих байгууллагуудын Евразийн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид оролцох аж.


Хурлын өмнө "Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэг"-ийн уулзалт, AACC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал тус тус болох юм.


Хурлаар Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцэхээс гадна Дүрэмд өөрчлөлт оруулах, шинэ гишүүн элсүүлэх,тус нийгэмлэгээс Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн байгууллагын  хуралд оролцохтой холбоотой асуудлыг хэлэлцэх, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгтэй хамтран ажиллах зэрэг асуудал хэлэлцэхээр товложээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ