А.Амбасэлмаа: Хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:


Нийт 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Нийт хийсэн шинжилгээнд наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, сувиллын ажиглалтад байгаа 3 хүн, наймдугаар сарын 6-нд Дели-Улаанбаатар чиглэлээр ирсэн 187 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан, тандалтын таван хүний анхны сорьц багтаж байна.


Монгол улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 300 болсноос эдгэрсэн 289 байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 30 хүн тандалтад байна. 


2020 оны нэгдүгээр сараас хойш 20128 хүнд давхардсан тоогоор 50 мянга гаруй шинжилгээг хийж тандалт явуулсан. Нийт батлагдсан тохиолдлын 66 хувь нь ОХУ-аас 18 хувь нь Афганистанаас, бусад 16 орноос 1-13 тохиолдол зөөвөрлөгдсөн. Алтанбулагийн боомтоор 106 тохиолдол орж ирсэн, онгоцоор 179, жолооч 15 хүнээс вирус илэрсэн. 


Нийт батлагдсан тохиолдлуудын 31 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр батлагдсан. Нийт тохиолдлын 85 хувь хөнгөн, 1-2 хувь нь хүнд хэлбэрээр өвчилсөн. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь эрэгтэй ба 6-80 насны хүмүүс өвчилсөн дундаж нас нь 28, 15-аас доош насны 8, 55-аас дээш насны 16 хүн байна. Гадагшаа явах хүсэлтэй нийт 624 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ