Удмын сангаа устгахгүйн тулд угийн бичгээ хөтөлж хэвшье!

Цус ойртолт бол хүн амын дунд олон жилийн турш чимээгүй тахал хэлбэрээр явагддаг генетик процесс гэдэг. Монголчууд эрт дээр үеэс ураг төрлийн хүрээнд цус ойртохоос сэргийлж угийн бичиг хөтөлдөг, овог хэрэглэдэг, овог дотроо үлгэрлэх зарчмыг баримталдаг уламжлал, соёлтой ард түмэн. Гэтэл 1925 онд Ардын Засгийн газрын тогтоол гарч монгол хүн ургийн бичиг хөтлөх, овог хэрэглэхийг хорьчихсон.


Мөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд манай урдаа барьдаг сэхээтнүүд угийн бичиг хөтөлдөг байснаасаа болж, толгой дараалан хядуулсан сэртхийлгэм мэдээлэл байдаг. Энэ мэт шалтгаанаар монголчууд угийн овог хэрэглэхээ больж, угийн бичиг хөтлөлгүй бараг нэгэн зууныг элээгээд байна. Энэ нь хүн амын дунд цус ойртолт ихсэхэд нөлөөлсөн юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хүн амын дундахь цус ойртолтын түвшинг судлахад тухайн хүн өөрөөсөө дээшээ 3-4 дэхь үеэ мэдэхгүй, цусан төрлийн хамааралтай үр удмууд хоорондоо гэрлэж эхнэр нөхөр болох явдал гарсаар буйг эрдэмтэж онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, элэнц, хуланцаа мэдэхгүйгээс, нэг удмын хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг байгаа гэнэ.


Тодруулбал, Стратегийн судалгааны хүрээлэнгээс гаргасан мэдээллээр сүүлийн жилүүдэд цус ойртолтоос үүдэн удмын сав бохирдох асуудал манай улсад тулгамдаад байгаа гол учиг болж байгаа аж. Түүнчлэн 2005-2009 он хүртэлх хугацаанд согогтой хүүхэд 689 мэндэлсэн гэсэн статистик тоо баримт байдаг. Харин 2015 оны судалгаагаар 1280 гаруй тохиолдол гарч, өссөн үзүүлэлттэй байна.


Хэрвээ ураг садан хоорондоо гэр бүл болох тохиолдол цаашид үргэлжилсээр байвал үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрэх аюул үүрлээд байгааг эрдэмтэд дахин дахин сануулсаар байна.


Цус ойртолт бол хэдхэн хоноод эдгэчихдэг өвчинтэй адил энгийн нэг өвчин биш. Хүн амын дунд олон жилийн турш чимээгүй тахал хэлбэрээр оршдог, үүсгэх хор хөнөөл нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар том асуудал юм.


Угтаа цус ойртолттой гэр бүлээс төрсөн хүүхдийн бие бялдрын хөгжил давжаа, аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа сулардаг гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Сүүлийн үед хүн амын дунд энэ шинж тэмдгүүд тод илэрч байна. Ялангуяа сүүлийн үед төрөлхийн согогтой хүүхэд олноор төрөх болсон. Бүх аймаг, нийслэлд согог, гажигтай хүүхэд төрж байгаагийн цаана цус ойртолт нөлөөлж байгаа юм.


Иймд цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авах цаг нь болсон байна. Үүний тулд өрх бүр угийн бичгийг хөтлөх зайлшгүй шаардлагатай байна. Угийн бичгийг хөтлөхийн тулд монгол улсын хүн амын бүртгэл тооллогын архивын газраас ургийн талаар мэдээлэл авах боломж иргэдэд нээлттэй байдаг. Мөн төрөл садныхаа өндөр настнаас сайтар лавлаж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэйг албаныхан хэлж байна.


Ямартай ч манай улсад одоогийн байдлаар угийн бичгийг 700 гаруй гэр бүл хөтөлж, ургийн баяр тэмдэглэдэг гэсэн албан бус тоо байдаг аж. Үүний дотор 41 үеэ мэддэг үлгэр жишээ гэр бүл ч байдаг байна. Овгийн нэр усыг тодорхой болгохтой холбоотой эрдэмтдийн гаргасан ном товхимол төдийгүй энэхүү судалгааны ажлыг цаашид нарийвчлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.


Юутай ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд буй цус ойртолтыг багасгах хамгийн энгийн арга бол угийн бичиг хөтлөх гэдгийг айл өрх бүр ариун нандин хэрэглээгээ болгочихвол удмын сан бохирдох зүйлгүй юм.

 

   

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ