С.Одонтуяа: Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандаж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулах тухай асуудлаар мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд цагаатгах ажилд анхаарал хандуулан ажиллаж буй бөгөөд өнөөдөр Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэв. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Үнэнийг тогтоож, шүүхийн шийдвэрийг гаргуулснаар хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр хүмүүсийг цагаатгаж байгаа нь төр уучлал гуйж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулна. Хүмүүс цагаатгасан гэж боддог ч бүх гавьяа шагналыг нь хураасан. Монгол Улсад ямар нам Засгийн эрхэнд байгаагаас үл хамаарч үеийн үед хүний эрхийг дээдэлдэг нийгмийг бүтээн байгуулах ёстой. Монгол Улсын түүхэнд давтагдашгүй том үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтний гэр бүлийн түүхтэй холбоотой 36 жил үргэлжилсэн хэл ам, тэмцэл, хөдөлмөр нэг талдаа гарах боломж олдож байна. 800 гаруй хүний гарын үсэгтэй бичгийг олон удаа өгсөн. Олон жилийн хөдөлмөрөө Монгол Улсад зориулсан энэ хүн, энэ хүний гэр бүлийг албан ёсоор цагаатгах цаг ирж байна. Монголын төлөө бүх зүйлээ зориулсан түүхэн хүмүүст хүндэтгэлтэй хандах цаг ирнэ гэдэгт итгэж байна" гэв. 


Энэхүү ажилд төр, төрийн бус гурван байгууллага, эрдэмтэд, сэтгүүлчид зэрэг олон хүн оролцож байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ