Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурлыг долоо дахь удаа хойшлууллаа

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүйн улмаас  шүүх хурлыг хойшлууллаа.


Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийн хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн. 


Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас “шүүгдэгч Э.Бат-Үүл нь сээр нугаламын Т8 дугаар үений ясны хугарал” гэмтлийн улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлт, энэ талаарх баримтыг ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч А.Гантулгын өмгөөлөгч П.Баасанжав, Л.Нарантуяагийн өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр нар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 9 дэх өдөртөө үргэлжлүүлэн оролцож шүүх хуралдаан давхацсан зэрэг нөхцөл байдлууд үүссэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.


Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт долоон удаа хойшлуулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ